Европт улаан бурхан өвчин айдас дагуулж байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээгээр Украинд 23 мянган хүн улаан бурхнаар өвчилжээ. Урьдчилан сэргийлэх тарилгын ачаар энэ өвчнийг өнгөрсөн зуунд устгасан юм. Гэвч улаан бурхан өвчин эргэн ирж, одоогоор 37 хүн нас бараад байна. Энэ дэгдэлт нь юутай холбоотой вэ?
ДЭМБ энэ оны статистикийн тоо баримтыг нийтлэжээ. Европт улаан бурхан өвчний оргил үед он гарсаар 37 нас барж, 41 мянга гаруй хүн халдвар авсан байна. Энэ нь 2017 оныхоос хоёр дахин их байгаа аж. Сүүлийн 20 жилд Европт ийм олон хүн энэ өвчнөөр өвчилж байгаагүй гэж ДЭМБ нотлож байна.
Европын холбооны орон бүрт нас барсан тохиолдол бүртгэгдэж байгаа ажээ. Румын улсын тухайд “цар дэгдэлт” гэж нэрлэгдэж байна. Энэ оронд статистикийн тоо баримт ДЭМБ-ас нийтлүүлсэн тооноос илүү аймшигтай байна. Тус оронд 55 хүн нас барж, 13,5 мянга гаруй хүн өвчилжээ. Улаан бурхны вакцин хийхээ хэдийнэ больсон тус орны ядуу нутгуудад хүмүүс ингэж нас барж байна.
Молдав, Гүржид байдал мөн л ийм байгаа аж. Сербийн нэг ээж бяцхан охиныхоо зургийг нийтлээд, охин эмнэлэгт өөр хүүхдээс халдвар авсаныг дурджээ. Сул бие махбодь хүндрэлийг дааж чадаагүй аж.
Эхлээд “ханиадны” шинж тэмдэг бүхий уг өвчин түргэн зуур маш хүнд хэлбэртэй болдог байна. Вакцин гарахаас өмнө жилд 2 сая хүн нас бардаг байжээ. Олонхи нь хүүхдүүд байсан юм. Одоо хүүхэд насанд нь хоёр удаа вакцин хийхэд улаан бурхнаас бараг зуун хувь хамгаалж байгаа юм. Зарим тохиолдолд насанд хүрсэн хүн байнга антибиотик хэрэглэдгээс болоод энэ хамгаалалтаа алддаг байна. Иймд дахин вакцин хийлгэх хэрэгтэй аж.
Улаан бурхан нь маш “дэгдэмхий” өвчин гэж хэлж болно. Хэрвээ таны дэргэд өвчтэй хүн байсан бол та заавал өвчилнө. Өөрөөр хэлбэл вакцин хийлгээгүй хүн шууд л өвчилнө гэсэн үг. Тарилга хийлгэсэн бол хэзээ ч өвчлөхгүй юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ