Ширэнгэн ойд 60 жил амьдарсан Орос тарзан нас баржээ
Оросын Тарзан Австралид нас баржээ. 89 настай даянч Михаил Фоменко ширэнгэн ойд 60 гаруй жил суусан юм. Фоменко бүр хүүхэд байхдаа буюу 1930-аад онд эцэг, эхийнхээ хамт Австралид иржээ. Мэргэжлийн тамирчин тэрээр 1956 оны Мельбурнийн олимпийн наадамд оролцох, Сидней хотод тав тухтай аж төрөхийн оронд ширэнгэн ойг сонгосныг хэвлэлд мэдээлсэн байна.
Фоменко 1930 онд Гүржид баян сурвалжит айлд төржээ. Фоменкогийн гэр бүлийнхэн Хятад, Японоор дамжин Австралид очсон байна. 1950-иад оны эхээр Михаил Австралийн умард нутаг руу явжээ. Энд тэрээр мачете хэмээх урт хутгаар матар, зэрлэг гахай агнадаг байжээ. Тэрээр модоор завь хийж суугаад, зөвхөн одоор баримжаалан Шинэ Гвинейн эрэг тийш явжээ. Тэрээр Торресын хоолойгоор 600 километр урт зам туулсан байна.
Өвчилж, ямар ч баримт бичиггүй болсон Михаилыг хэдэн сарын дараа эцэг нь олжээ. Тэд хамтдаа Австрали буцсан ч, хүү нь дахиад л ширэнгэн ой руу явчихсан байна.
Ээжийнх нь хүслээр цагдаа нар тэнэмэл амьдралтай Майкл Фоменког хэд хэдэн удаа саатуулж байжээ. Түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийлгэсэн байна. 1969 онд тэрээр эмнэлгээс гарч, дахиад л хүмүүсээс дайжин ширэнгэн ой руу явжээ. Ийнхүү эхийнхээ оршуулгад оролцох гэж л 1988 онд ширэнгээс гарч ирсэн байна.
Тарзан гэгдэх болсон тэрээр нийгмийн халамжийн тэтгэмжээ авч гурил, хуурай сүү, шоколад, ундаа зэрэг хүнсний бараа нөөцлөхөөр хоёр долоо хоногт нэг удаа ойгоос гарч ирдэг болжээ. Оросын тарзан ойрхон сууринд хүрэх гэж 25 километр замыг гүйж туулдаг байсан аж.
2012 тавдугаар сард Михаил Фоменког асрамжийн газарт шилжүүлж, тэрээр тэнд амьдралынхаа зургаан жилийг өнгөрүүлжээ. “Михаил Фоменко Австралийн ширэнгэн ойд үнэхээр хайртай болж, мөрөөдөлдөө хүрэхийн тулд ер бусын эр зориг гаргасан хүн юм” гэж дүү Инесса нь ярьжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ