НДШ-ийн хэмжээг нэмэгдүүлснээр даатгалын сангийн орлого өсчээ
Энэ оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тодруулбал, шимтгэлийг 2018 онд 1,0 хувиар нэмэх, 2019, 2020 онд тус бүрт нь 2,0 хувиар үе шаттайгаар нэмж нийт таван пунктээр өсгөх аж.
2018 онд хувь хүний төлөх шимтгэлийг 1,0 хувиар нэмэхэд 600 мянган төгрөгийн цалинтай хүний шимтгэл сардаа 6000 орчим төгрөгөөр нэмэгдэх юм байна. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан хагас жилийн статистик үзүүлэлтээр Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт хэмжээ нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, 2018 оны эхний хагас жилд Нийгмийн даатгалын сангийн орлого 1,2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 133,2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Орлого ийнхүү өссөн ч зарлага 132,3 тэрбум төгрөгөөр өсчээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 133,2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 23,7 тэрбум төгрөг, тэтгэврийн даатгалын сангийн орлого 113,7 тэрбум төгрөг, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 29 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 132,3 тэрбум төгрөгөөр өссөн шалтгаан нь тэтгэврийн даатгалын сангийн зарлага 90,3 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 26,6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ