Британийн Эймсбери хотод хордсон эмэгтэй нас баржээ

Их Британийн Эймсбери хотод мэдрэл саажуулдаг “Новичок” хэмээх бодист хордсон эмэгтэй эмнэлэгт нас баржээ.  Үүнтэй холбогдуулан Лондон хотын цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Цагдаагийн байгууллагын тодруулснаар,  Даррингтон хотын 44 настай Дон Стержесс ням гарагт нас баржээ.  Мөн хамт хордсон 45 настай эрэгтэйн бие тун тааруу байгаа аж.

“Би Дон Стержессийн нас барсанд цочирдож байна. Миний бие түүний гэр бүлийнхэн болон ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлж  байна” гэж Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй телевизийн “Sky News” сувгийн сурвалжлагчид мэдэгдсэн байна.

Мэдрэл саажуулдаг бодист хордсон байж магадгүй хэмээн сэжиглэсэн Эймсбери хотын цагдаагийн нэг ажилтан амьд байгааг долоодугаар сарын 8-нд мэдээлжээ.

Чарли Руоули, Дон Стержесс нар Солсбери хотын ойролцоох Эймсбери хотод мэдрэл саажуулдаг “Новичок” бодист  зургаадугаар сарын 30-нд хордсон байна. Тэд Оросын зэвсэгт хүчний тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нарын эмчлүүлсэн эмнэлэгт байна гэж мэдээлж байсан юм.

Мөрдөн байцаагчдын хэлснээр, Солсбери дэхь Скрипалийн байшингийн хаалганы бариулд “Новичок” бодис түрхэж, ингэснээр тэнд тарсан байж магадгүй аж. Мэдрэл саажуулдаг бодис нь ердийн орчинд задардаггүй бөгөөд удаан хугацаагаар аюултай хэвээр байж болдог байна.  Стержесс, Роул нар  Солсберид “Новичок” бодисыг хийж авчирсан сав юмуу бодисын үлдэгдэл бүхий тариурыг олсон байж болох юм гэж Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд бичиж байна.

Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нар гуравдугаар сарын эхээр хордсон юм. Эрх баригчдын мэдэгдэж байгаагаар, тэд Зөвлөлт Холбоот Улсад цэргийн зорилгоор  үйлдвэрлэсэн мэдрэл саажуулах “Новичок” ангиллын бодист хорджээ. Оросын тал бүх зэмлэлийг няцаадаг юм. Энэ химийн бодис хаанаас гаралтайг тогтоож чадаагүйг химийн зэвсэг хориглох байгууллагын илтгэлд цохон заажээ.

                                                                                                                                                              С.Инда 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин