Трамп Венесуэлд халдах боломжийг хэлэлцэж байжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн хүч хэрэглэн халдах боломжийг 2017 онд зөвлөхүүдтэйгээ хэлэлцэж байжээ. Ассошиэйтед пресс агентлаг Цагаан ордны учрыг мэдэх хүний хэлснийг иш татан ингэж бичсэн байна.
Агентлагийн дурдсанаар, олон хүн Трампын тавьсан асуултад цочирдож байжээ. Венесуэлд цөмрөн орох нь бүс нутаг дахь Америкийн ашиг сонирхолд цохилт болж, Латин Америкийн бусад орны зүгнээс АНУ-д итгэх итгэлийг алдагдуулна гэж санал шүүмжлэлийн үеэрерөнхийлөгчийн зөвлөхүүд түүнд тайлбарласан байна.
2017 оны есдүгээр сард Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Латин Америкийн дөрвөн улсын удирдагчидтай зоог барихдаа энэ асуудлыг хөнджээ. Агентлагийн мэдээлснээр, Трампын зөвлөхүүд энэ асуудлыг хөндөж ярихгүй байхыг хүссэн ч, Америкийн удирдагч тэдний үгийг эс сонсож, Венесуэлийн байдлыг цэргийн хүчээр шийдвэрлэж болох тухай өөрийн санаа бодлыг зоогт оролцсон бүх хүнд хэлсэн байна.
2017 оны дөрөвдүгээр сараас наймдугаар сард Венесуэлд засгийн газрын эсрэг өргөн цараатай жагсаал цуглаан болсон юм. Ерөнхийлөгч Николас Мардурогийн бүрэн эрхийг өргөжүүлж, парламентын үүргийг хязгаарласан дээд шүүхийн шийдвэр ингэх шалтгаан болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ