Путин, Трамп нарын уулзалт шахуу болно
Владимир Путин, Дональд Трамп нар уулзахаар төлөвлөж байна. Өчигдөр энэ тухай албан ёсоор зарлалаа. Оросын ерөнхийлөгч Америкийн удирдагчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтоны айлчлалыг хоёр орны хооронд бүрэн хэмжээний харилцаа сэргээх эхний алхам гэж тодорхойлжээ.
Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгчийн туслахын уулзалтын гол сэдэв нь цөмийн зэвсэг хураах асуудал, Сирийн цэргийн мөргөлдөөн, БНАСАУ-ын эргэн тойрны байдал, мэдээж Украины асуудал байлаа гэж Интерфакс агентлаг бичсэн байна.
Үүнээс гадна "энэ зуны улс төрийн гол үйл явдал болох Путин, Трамп нарын уулзалтад багагүй анхаарал хандуулжээ. Тэд хоёулханаа нүүр тулан уулзана. Дараа нь төрийн тэргүүн нар олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд зориулан хамтарсан мэдэгдэл хийнэ" гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэлсэн байна.
Владимир Путиний хувьд Дональд Трамптай хэлэлцээ хийх нь нэн чухал бөгөөд тэрээр энэ уулзалтад бэлтгэх болно. Хэлэлцээ хэзээ, хаана болохыг зургаадугаар сарын 28-нд зарлах бодолтой байна гэж Ушаков тэмдэглэжээ.
Путинийг Болтонтой уулзах үеэр америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх сэдвийг бас цухас хөндөж ярьсан байна. ОХУ үүнд ямар ч холбогдолгүй гэдгийг Оросын ерөнхийлөгч дахин тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ