Газдановынхны гавьяа: Эх орны дайнд ах, дүү долоон баатар амь үрэгджээ
Яг77 жилийн өмнө гитлерийн Герман дайн зарлалгүйгээр ЗСБНХУ-д халдан довтлосон билээ. Өнөөдөр заавал дурсан санах ёстой бөгөөд харамсалтай нь маш цөөхөн хүний мэддэг хүмүүсийн тоонд Осетины Зуарикау гэдэг жижиг тосгоны нэгэн гэр бүл зүй ёсоор багтдаг юм.
Фашистууд ЗСБНХУ-д халдаж, 1905 оноос 1918 онд төрсөн бүх цэргийн үүрэгтнийг цэрэгт татсан эхний дайчилгаа эхэлсний дараах өдөр ах, дүү таван Газданов дайчилгаанд хамрагджээ. Зургаа дахь нь болох Шамиль 1937 оноос Улаан армид алба хааж байсан учир жинхэнэ цэргийн хүний хувиар дайныг угтсан байна.
1921 онд төрсөн хамгийн бага дүү Хасанбек (долоо дахь нь) гэртээ үлдэхийг эс хүсч, ах нарынхаа хамт цэрэг татлагын комисст очсон байна. Тэд зургаа-долоодугаар сард бүгд фронтод явжээ. Харин хамгийн бага дүү нь хамгийн түрүүнд амь үрэгдсэн байна. 1941 оны есдүгээр сарын сүүлчээр Запорожье мужид болсон тулалдааны үеэр тэр сураггүй болжээ. Хоёр дахь нь буюу дайнаас өмнө багшаар ажиллаж байсан жагсаалын цэрэг Махарбек Газдонов Москвагийн дэргэдэх хамгаалалтын үед амь үрэгдсэн байна.
Хажимел 1942 оны эхээр Севастополийн хамгаалалтын үед алагджээ. Түүний амь үрэгдсэн тухай бичиг Газдановынхны гэр бүлд ирснээр эх Тассо нь тэр уй гашууг даалгүйгээр хорвоог орхижээ. Эцэг Асахмат нь гэргийгээ оршуулаад, жирэмсэн бэрийнхээ хамт үлдсэн байна. Хүүхдүүдээс нь цорын ганц Захармет дайнаас өмнө гэрлэж амжсан ч, охинтой болсон гэдгээ мэдээгүй хэрэг. Тэрээр Новороссискийн дэргэд амь үрэгдсэн дөрөв дэх нь болжээ. Мөн 1942 онд Созырко Киевийн дэргэдэх тулалдаанд амь үрэгдсэн байна. Хамгийн том ах болох Магомед нь 1943 оны наймдугаар сард Крымын бүслэлтийг сэтлэх ажиллагааны үеэр сураггүй болжээ.
Дөрвөн одон тэмдэгт гвардийн дэслэгч Шамиль Газданов 1944 оны арваннэгдүгээр сард Латвийн нутагт болсон тулалдааны үеэр алагдсан байна. Энэ бүхний эцэст ач охиноо тэврээд зогсож байсан эцэг нь гэрийнхээ үүдэнд насан өөд болжээ.
Тэнгэр өөд тэмүүлсэн долоон тогорууны өмнө гашуудан суугаа эмэгтэйн дүрээр ах, дүү Газдановынханд зориулсан хөшөөг Владикавказ хотоос гарах гол замын хажуу дахь Зуарикау тосгоноос холгүй газарт 1963 онд босгосон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ