Данийн хөлбөмбөгчинд хувийн нисэх онгоц хөлслөх мөнгө нийлүүлж өгчээ
Данийн шигшээ багийн тоглогчид хамгаалагч Йонас Кнудсеныг эхнэр болон дөнгөж төрсөн охинтой нь уулзуулахаар түүнд хувийн нисэх онгоц хөлсөлж өгчээ. Телевизийн BBC News сувгаар ингэж мэдээлсэн байна.
25 настай хөлбөмбөгчний эхнэр төрөх ёстой хугацаанаасаа хэдэн долоо хоногийн өмнө төрж, энэ үед нөхөр нь ДАШТ-д оролцохоор Орост ирээд байжээ.
Данийн хөлбөмбөгийн холбоо (DBU) хамгаалагчыг охинтой болсон гээд Дани руу явуулах бодолгүй байна гэдгээ мэдэгджээ. Ийнхүү багийнхан нь түүнийг гэрт нь түр явуулахаар хувийн нисэх онгоц хөлслөхөөр шийдсэн байна.
"Багийнхан маань өөрийн нөхөрт хүний ёсоор хандахаар шийдсэн юм" гэж Данийн шигшээ багийн хаалгач Каспер Шмейхель ярьжээ. “Манай багт аав хүн маш олон бий. Охинтой болсон тухай мэдээ авсан ч гэргийнхээ дэргэд байж чадаагүй нь Йонаст ямар хэцүү байсныг би эцэг хүний хувьд төсөөлж байна” гэж тэрээр хэлжээ.
Ийнхүү Кнудсен эхнэр, охинтойгоо уулзаад даваа гарагт Орост буцаж ирсэн байна.
Данийн шигшээ баг зургаадугаар сарын 16-нд Перугийн багийг 1:0-ийн харьцаатай хожсон бөгөөд өнөөдөр (зургаадугаар сарын 21-нд) Австралийн шигшээ багтай Самара хотод тоглох юм.
Кнудсен Данийн «Эсбьерг» клубийн хөлбөмбөгчин бөгөөд 2014 онд Данийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа тогложээ. Тэрээр 2015 оны зун Английн «Ипсвич Таун» клубт шилжсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ