Испанийн вангийн хүргэн эмэгтэйчүүдийн шоронд ял эдэлнэ
Испанийн вангийн хүргэн, олимпийн гандболын аварга Иньяки Урдангарин Авила хотын шоронд иржээ. Тэрээр энд таван жил, есөн сарын ял эдлэх ажээ. Шүүх түүнийг татвар төлөхөөс зайлсхийж, санхүүгийн луйвар хийснийг тогтоосон байна. “Observador” сонинд ингэж бичжээ.
Урдангарин өөрийн арилжааны бус “Noos Foundation” байгууллагын гэрээ байгуулахад вангийн гэр бүлтэй холбоотой байдгаа ашигласныг мөрдөн байцаагчид тогтоосон байна. Тэрээр гэрээ хэлцэл байгуулж олсон мөнгөө гадаадын дансанд шилжүүлжээ.
Испанийн хуулиар одоогоор хоригдоогүй байгаа хэрэгтэн ял эдлэх шоронгоо өөрөө сонгож болдог байна. Ийнхүү тэрээр Бривевын эмэгтэйчүүдийн шоронг сонгожээ. Учир нь энд эрэгтэйчүүдийн тусдаа хэсэг байдаг аж. “El Confidencial” сонинд бичсэнээр уг хэсэг таван өрөө, хоолны газар, өөрийн хашаа, эргэлтийн өрөөтэй ажээ.
2017 оны хоёрдугаар сард Урдангаринд зургаан жил гурван сарын ял оноосон байна. Гэвч Испанийн вангийн хүргэнд оноосон ялын хугацааг 2018 оны зургаадугаар сард таван сараар бууруулжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ