Даатгалын салбарын удирдах ажилтны хэлэлцүүлэг боллоо

Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр Даатгалын салбарын удирдах ажилтны хэлэлцүүлгийг “Даатгалын салбарын асуудал ба шийдэл” сэдвийн хүрээнд өрнүүллээ.

Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Хорооны дарга, доктор С.Даваасүрэн, “Даатгалын зах зээлд гарч байгаа өсөлтийг цаашид хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх вэ? Салбарын хөгжлийг хэрхэн хангаж, хууль эрх зүйн орчныг ямар концепцоор боловсронгуй болгох учиртай вэ? Бид хэрхэн чадавхжиж, санхүүгийн бусад салбар, зах зээлүүдтэйгээ хэрхэн уялдаж хөгжих ёстой вэ?” гэсэн асуултуудыг тус салбарын удирдлага, мэргэжилтнүүдийн дунд нээлттэй тавилаа. Мөн тэрээр, хэдийгээр төр, засгийн бодлого, зорилтууд зохих хэмжээнд тодорхойлогдсон байгаа ч улам өндөр үр дүнг эрмэлзэж ажиллах үүднээс бид нэн түрүүнд тулгамдсан асуудлуудаа ярьж, гарц, шийдлээ хэлэлцэн, харилцан ойлголцол, нягтрал, хамтын ажиллагаагаа сайжруулах нь юу юунаас чухал байна гэсэн юм.

Хэлэлцүүлгээр, Хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт даатгалын зах зээлийн чиглэлээр туссан зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хороо даатгалын салбарын хууль эрх зүй, зохицуулалтын орчныг үе шаттайгаар шинэчлэх, мөн олон улсын даатгалын тулгуур зарчим, стандартуудыг судалж, нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих бодлого баримтлан ажиллаж байна. Мөн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлага, зохицуулалтын тогтолцоог сайжруулах зэрэг олон ажлыг эхлүүлээд байгаа юм байна.

Хөтөлбөрт туссан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэгт оролцогчид санал, бодлоо хэлж, зах зээлд тулгамдаж байгаа асуудлууд, тэр дундаа даатгалын цахим бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хураамжийн зохицуулалтын болон татварын орчныг бодлогоор дэмжих, даатгуулагч, харилцагчдын санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой санал дэвшүүлж ярилцав.

Түүнчлэн хэлэлцүүлгээр, Монголын даатгалын холбооны удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар, Албан журмын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар салбарын хууль, эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн хэрэгжилт болон даатгалын салбарын хөгжлийн хандлагын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Даатгалын салбарын удирдах ажилтны хэлэлцүүлэгт тус зах зээлийн оролцогч байгууллагуудаас гадна Сангийн яам, Монголбанк болон арилжааны банкуудын удирдах албан тушаалтнууд оролцож, зах зээлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд болоод тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар тус тусын байр суурийг илэрхийлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ