АНУ, Умард Солонгосын удирдагчид Оросын иргэдэд мэндчилгээ дэвшүүлэв
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео болон Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун нар Орос улсын өдрөөр тус орны иргэдэд мэндчилгээ дэвшүүлснийг ТАСС агентлаг уламжилжээ.
“АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон америкийн бүх ард түмний өмнөөс Орос улсын өдрийг тохиолдуулан ОХУ болон Оросын ард түмэнд би мэндчилгээ дэвшүүлж байна. Энэ өдрөөр бид ОХУ-ын иргэдэд хийгээд түгээмэл эрх чөлөөний ардчилсан зарчим, иргэний эрх чөлөө, хуулийг дээдлэх үйлсэд тэмүүлсэн тэдний хүсэл эрмэлзлэлд баяр хүргэж байна” гэж Помпеогийн захидалд өгүүлжээ.
Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг Ким Чен Уны илгээлтийг тараасан байна. Тэрээр энэхүү илгээлтдээ: “Үндэсний баярыг нь тохиолдуулан Оросын ерөнхийлөгч болон найрамдалт ард түмэнд халуун мэндчилгээ дэвшүүлж байна” гэжээ. “Оросын ард түмэн бүхий л сорилт, бэрхшээлийг туулан хүчирхэг Орос орныг цогцлон байгуулах үйлсдээ амжилт олсныг”БНАСАУ-ын удирдагч тэмдэглээд, хоёр орны харилцаа “хоёр ард түмний эрх ашгийн үүднээс, шинэ эрин үеийн шаардлагын дагуу улам бэхжих болно” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Зургаадугаар сарын 12 бол ОХУ-ын төрийн тусгаар тогтнолын тухай тунхаглал баталсан өдөр болж, 1992 оноос хойш тэмдэглэж ирсэн билээ. 1998 онд ерөнхийлөгч Борис Ельцин баярыг Орос улсын өдөр гэж өөрчлөн нэрлэхийг санал болгож, гэхдээ 2002 ондл нэрийг албан ёсоор өөрчилсөн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ