Ким Чен Ун болон түүнийг дагалдагсад дөрвөн онгоцоор Сингапурт иржээ
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун болон түүний бараа бологсод зургаадугаар сарын 12-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Сингапурт дөрвөн онгоц хөлөглөн ирсэн байна. Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг нисэхийн сайтуудад бичсэнийг иш татан ингэж мэдээлжээ.
Энэ нь Хятадын хоёр, Умард солонгосын хоёр нисэх онгоц гэнэ. Хятадын нисэхийн “Air China” компанийн Airbus A 330 нисэх онгоцоор БНАСАУ-ын төлөөлөгчдийн гишүүд болон Ким Чен Уны хамгаалагчдын зарим нь түрүүлж ирсэн байна. Дараа нь энэ нисэхийн компанийн “Boeng 747” нисэх онгоцоор Умард Солонгосын удирдагч өөрөөСингапурт буужээ.Үүнээс гадна Умард Солонгосын нисэхийн “Air Koryo” компанийн Ил-76 нисэх онгоцоор Ким Чен Уны хуягласан Mercedes-ийг авчирсан байна. Умард Солонгосын Ил-62 хамгийн сүүлдирсэн бөгөөд энэ нь нөөц нисэх онгоц бололтой.
Ким Чен Ун ням гарагт Сингапурт орон нутгийн цагаар өдөр бууж, түүнийг Сингапурын гадаад харилцааны сайд Вивиан Балакришнан угтжээ. Ким Чен Уны машины цуваа нисэх буудлаас “The St. Regis Singapore” буудал руу явсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч ч Сингапурт ирсэн юм. Тэрээр энд ирэхийн тулд Канадад болсон G7-гийн дээд хэмжээний уулзалтаас яаралтай явахад хүрсэн байна.
Сингапурт баар, кафе болон ресторанууд ч хоёр удирдагчийн уулзалтад бэлтгэж байна. Нийтийн хоолны газрын овсгоотой эзэд жуулчдыг татахын тулд дээд хэмжээний түүхэн уулзалтыг ашиглахаар шийджээ. Хотын гудамжинд шог зураг бүхий рекламууд өрөөстэй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ