Сингапурын уулзалтад бэлтгэж байгаа нууцаас..
Уулзаж ярилцахад ганц ширээ, хэдэн сандалтай өрөө л хэрэгтэй мэт санагдаж болох. Дипломат бодлогын олон зуу биш юмаа гэхэд, хэдэн арван ажилтан зургаадугаар сарын 12-нд хийхээр товлосон АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хэлэлцээний бүхий л нарийн ширийн зүйлийг хичнээнч өдөр зөвшин тохирч байна даа.
Тэр тусмаа дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг хангах тусгай албаны ажилтнуудын тоог гаргах амаргүй.Түүхэн үйл явдал хүртэл долоо хүрэхгүй өдөр үлдээд байхад, хэлэлцээ хийхээр товлосон өдрөөс өөр юу ч одоо болтол тодорхойгүй л байна.
Аюулгүй байдлыг хангах асуудал хоёр талын хувьд гол тэргүүлэх асуудал болж байгаа нь эргэлзээгүй. Сингапурчууд хоёрудирдагчийн явж өнгөрөх бүх чиглэлийн дагуу сайтар хамгаалалтыг хангаж өгөхөөр амлаж байгаа аж. Зам, нисэх буудал, уулзалт болох газрыг дээд зэргээр хамгаална. Гэтэл яг уулзалт болох газрын тухайд гэвэл, үүнийг одоо болтол сонгоогүй л байна.
Америкийн өмнөх ерөнхийлөгч нарын бууж байсан Шангри-Ла зочид буудлыг Умард Солонгосын төлөөлөгчид хүлээж авахгүй л болов уу. “Нью-Йорк таймс” сонин Сингапурын засаг захиргааны төлөөлөгчдийн хэлснийг иш татахдаа, Сингапурын өмнөд үзүүрээс холгүй орших Сентоса аралд уулзалт болно хэмээн бичсэн байдаг. Гэвч Трамп, Ким Чен Ун нарын тийшээ очих аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай асуултад одоогоор хариулт байхгүй л байна.
Үүнээс гадна, хэлэлцээ хийх өрөөнд хоёр орны далбаа байх эсэх, хамт зургаа авахуулах гээд зарим асуудал бий гэнэ.Хамт авахуулах зурагт хоёр орны далбаа байх уу? Энэ бол дэмий асуудал биш. Юу гэвэл АНУ, БНАСАУ хоёр дипломат харилцаагүй орнууд. Хэлэлцээн дээр БНАСАУ-ын далбаа байх нь АНУ-ын зүгээс БНАСАУ-ыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг хэмээн ойлгогдож болох юм гэж Японы дипломатч, ГХЯ-ны орлогч сайд асан Митожи Ябунака хэлсэн байдаг.
Уулзалтын өрөө тасалгаа ямар байх ёстой тухай асуудал ч энд бас гарч ирж байна. Илүү өндөр зиндааны хүн үүдний хаалганаас зайдуу суудаг гэж Умард Солонгосын төлөөлөгчидтэй иймэрхүү уулзалт хийхэд бэлтгэж байсан японы дипломатчид нотлодог аж. Хоёр удирдагч нэг хаалгаар, хамтдаа зэрэг орж ирэх боломж барах байхгүй. Тиймээс хоёр адилхан хаалга бүхий өрөөг эрэх хэрэгтэй гэсэн үг юм. Хэрвээ ширээ нь дугуй хэлбэртэй байлаа ч ширээний баруун, зүүн талыг ямар нэг байдлаар тодорхойлох хэрэгтэй болно. Хоёр удирдагчийн хэн нь баруун гар талд байх вэ гэдэг нь бас зүгээр ч нэг асуудал биш.
Сингапурт Умард Солонгосын төлөөлөгчдийг байрлуулах зардлыг хэн хариуцах асуудал ч бас гарч ирж байгаа.Энэ асуудлыг АНУ, БНАСАУ-ын тал чухалчилан хэлэлцэж байсныг “Вашингтон пост” сонинд саяхан бичсэн юм. Хоёрдугаар сард Пёнчаны олимпийн наадмын үеэр Умард Солонгосын төлөөлөгчдийн байр, хоол болон тээврийн зардалд Өмнөд Солонгосын засгийн газар 225 мянган ам.доллар төлсөн байна.
Сингапур улс БНАСАУ-ын төлөөлөгчдийн байх зардлын зарим хэсгийг гаргахад бэлэн байгааг тус орны батлан хамгаалахын сайд нотлосон ч, хэд хичнээн мөнгө гэдгийг тодруулаагүй байна.
Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр бол, АНУ Сингапурт болох дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын төлөөлөгчдийг байрлуулах зардлыг төлөхгүй гэж АНУ-ын төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хезер Науэрт мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.
Хэлэлцээ эхлэх хүртэл Умард Солонгосын төлөөлөгчидтэй нарийн ширийн зүйл бүрийг нягтлан хэлэлцлээ ч гэсэн, уулзалт өөр төлөвлөгөөгөөр явагдах юм уу ерөөс цуцлагдаж болохыг шинжээчид сануулж байна.
Ким Чен Уны ёсорхог зан юм уу Трампын урьдчилан таах аргагүй байдлын аль нь ялах бол гэдэг нь шийдэгдээгүй асуудал. Хэрвээ уулзалт болж гэмээ нь энэ уулзалтад ерөөс ялагч гэж байх нь гол асуудал байх уу?
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ