Трамп, Ким Чен Ун нарын уулзах товыг зарлалаа

"АНУ, БНАСАУ-ын удирдагч нарын уулзалтыг зургаадугаар сарын 12-нд Сингапурт орон нутгийн цагаар өглөөний 9 цагт хийхээр төлөвлөлөө" гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдээлснийг Интерфакс агентлаг уламжилсан байна.

Түүний хэлснээр, дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажил үргэлжилж байгаа ажээ. Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхүүдийн багийнхан ерөнхийлөгчид Умард Солонгосын талаар өдөр бүр мэдээлэл хийж байгааг тэрээр тэмдэглэсэн байна.

“Эхний уулзалтыг зургаадугаар сарын 12-нд Сингапурын цагаар өглөөний 9 цагт хийхээр төлөвлөсөн. Энэ нь зүүн эргийн цагаар зургаадугаар сарын 11-ний оройн 9 цаг гэдгийг би та бүхэнд бас мэдээлэх байна” гэж Америкийн засаг захиргааны төлөөлөгч хэлжээ.

Зургаадугаар сарын 12-нд Сингапурт болох АНУ–БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагчид Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны буух зочид буудлын өрөөний хөлсийг хэн төлөхийг тохиролцож чадахгүй байна. “Вашингтон пост” сонин хэлэлцээний бэлтгэл ажилд ойр байгаа хүмүүсийн хэлснийг иш татан ингэж бичжээ.

Тэдний хэлснээр, “Fullerton” зочид буудлын ерөнхийлөгчийн өрөөнд буух бодолтой байгаа Ким Чен Уны зардлыг гаргахаас Пхеньяны эрх баригчид татгалзсан байна. Энэ өрөөнд нэг шөнө байх мөнгө нь зургаан мянга гаруй доллар ажээ.

АНУ энэ мөнгийг гаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн ч, БНАСАУ үүнийг доромжлол хэмээн хүлээн авч болох нь тодорхой болсон байна.

Үүнтэй холбогдуулан америкчууд Ким Чен Уны зардлыг төлөхийг хүлээн авагч тал, өөрөөр хэлбэл Сингапураас хүсэх тухай асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Умард Солонгосын төлөөлөгчид олон улсын арга хэмжээнд байнга шахуу бусдын зардлаар оролцдогийг “Вашингтон пост” сонинд дурдсан байна.

Тухайлбал, Өмнөд Солонгосын Пёнчаны өвлийн олимпид БНАСАУ-ын багийнхан болон жүжигчид очсоныг тус сонин жишээ болгон дурджээ. Тэр үед Умард Солонгосын зочидтой холбоотой 2,6 сая ам.долларын зардлыг Өмнөд Солонгос гаргасан байна.

Мөн энэ наадамд оролцсон БНАСАУ-ын 22 тамирчин Олон улсын олимпийн хорооноос зохих хэмжээний мөнгө авчээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин