Британид 43 жил шоронд хоригдсон алуурчинг суллажээ
Их Британид 43 жил шоронд суусан алуурчин суллагджээ.“Телеграф” сонинд ингэж бичсэн байна.
Сонинддурдсанаар, одоо 69 настай Жон Массей Британийн шоронд хамгийн удаан суусан хүмүүсийн нэг ажээ. Тэрээр Лондон хотын нэг пабын хамгаалагчийг буудаж алсны дараа 1975 онд 26 настайдаа шоронд оржээ. Тэр хоригдож байх хугацаандаа хэд хэдэн удаа оргосон байна. Тухайлбал, 1994-1997 онд Испанид нуугдаж, 2012 онд эхийгээ нас барахын өмнө түүнтэй уулзахаар оргож байжээ.
Британид хоёр гэмт хэрэгтэн нь л торны цаана үүнээс удаан суусныг сонинд дурдсан байна. Энэ нь олон хүний аминд хүрсэн Роберт Модсли, хамгийн хэрцгий хоригдол гэдгээрээ зартай Чарльз Сальвадор нар аж.
Массей тэнсэн суллах зөвлөлийн шийдвэрээр тавдугаар сарын 2-нд суллагджээ. Тус зөвлөлийн тавьдаг болзлын дагуу тэрээр хорих газраас гарсан хүмүүсийн байранд Лондонд амьдрах ёстой гэнэ. Тэр олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчидтэй ярилцахдаа ялаа нэгэнт эдлэж, “хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ ямагт гэмшиж байснаа” хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ