Порошенко Донбасст шинэ ажиллагаа эхлүүлэв
Украины ерөнхийлөгч Петр Порошенко Донецк болон Луганск мужийн нутагт террорын эсрэг ажиллагаанаас Нэгдсэн хүчний ажиллагаанд шилжиж байгааг зарлажээ. Тус орны цэргийн удирдлагын хуралдааны үеэр тэр ингэж мэдэгдсэнийг Интерфакс агентлаг уламжилсан байна.
“Донецк, Луганск мужийн нутаг дахь террорын эсрэг өргөн цараатай ажиллагаа 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс дуусч байна. Манай улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрх, тусгаар тогтнолыг хангах зорилгоор Украины зэвсэгт хүчний удирдлагаар одоо бид цэргийн ажиллагаа эхлүүлж байна” гэж ерөнхийлөгч хэлжээ. Тэрээр хуралдааны үеэр зохих зарлигт гарын үсэг зурсан байна.
“Террорын эсрэг өргөн цараатай ажиллагааны горим дуусч байгаа нь чөлөөлөгдсөн нутагт террорын аюул үүсэх ямар ч үед террорын эсрэг ажиллагаа явуулахаар зарлах бидний боломжийг алдагдуулахгүй” гэж Украины тэргүүн онцлон тэмдэглэжээ.
Порошенко Донбассыг буцаан нэгтгэх тухай хуульд хоёрдугаар сарын 20-нд гарын үсэг зурсан юм.
Энэхүү баримт бичиг нь аливаа нутаг дэвсгэрт, ямар ч үед, тодорхой бус хугацаагаар дайны цагийн байдал зарлаж, цэрэг оруулах боломжийг төрийн тэргүүнд олгож байна. Оросыг Луганск болон Донецк мужийн нутгийг эзэгнэсэнтүрэмгийлэгч орон гэж албан ёсоор зарласан юм.
Украины эрх баригчид 2014 оны дөрөвдүгээр сард тус орны зүүн нутагт террорын эсрэг ажиллагаа явуулж эхлэсэн тухайгаа зарласан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ