АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга БНАСАУ-ын удирдагчтай уулзжээ
Цагаан ордон АНУ-ын шинэ төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеог Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзаж байгаа гэрэл зураг нийтлэсэн байна.
Энэ үеэр Тагнуулын төв газрын захирлын албан тушаалд ажиллаж байсан Помпео Кимтэй гар барьжбайгаа нь зурагт гарчээ. “The Wall Street Journal” сонин энэ уулзалтын тухай дөрөвдүгээр сарын 18-нд мэдээлсэн юм.
Америкийн засаг захиргаа үнэхээр “хамгийн өндөр хэмжээнд Умард Солонгостой холбоо тогтоосныг”Трамп дөрөвдүгээр сарын 17-нд хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэж байсан билээ.
Трамп болон Ким Чен Ун нар уулзахаар төлөвлөж байгаа тухай эхний мэдээ гуравдугаар сарын эхээр гарсан юм. Тэгэхэд Өмнөд Солонгосын нэг төрийн дээд албан тушаалтан БНАСАУ-ын удирдагчийн илгээлтийг АНУ-ын ерөнхийлөгчид уламжилсан бөгөөд уг илгээлтэд хоёр талын уулзалт хийх санал тавьжээ. Цагаан ордон урилгыг хүлээн авсан юм.
Майкл Помпео Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өчигдөр албан ёсоор оржээ. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын асуудлаар санал зөрснөөсөө болоод огцорсон Рекс Тиллерсон өмнө нь энэ албан тушаалд ажиллаж байсан юм.
Дашрамд дурдахад, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр цэрэггүй бүсэд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзаж байгаа билээ.
Уулзах газар нь Пханмүнжомын цэрэггүй бүсийн өмнөд хэсэг дэх “Энх тайвны ордон” гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Лим Жон Сок хэвлэлийн хурал дээр мэдээлжээ.
Уулзалтыг орон нутгийн цагаар 10 цаг 30 минутад (УБ-ын цагаар 09 цаг 30 минут) эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Урьдчилсан мэдээгээр Ким Чен Уныгтүүний бүсгүй дүү Ким Ё Жон дагалдан явах ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ