Д.Сумъяабазар: Оюутолгойн гэрээг зогсоох, гацаах асуудал байхгүй
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал хийлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурлаар салбарынхаа 2018 оны эхний улирлын мэдээллийг олон нийтэд хүргэж байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл энэ оны эхний улиралд 3.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 854.3 тэрбум /21.7 хувь/ төгрөгөөр өсчээ.Үүнд, Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2.4 их наяд төгрөгт хүрч 2017 оныхоос 400.3 тэрбум /20.4 хувь/ төгрөгөөр өссөн байна. Үүнд:
- Нүүрс олборлолт 784,4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оныхоос 37.6 хувиар
- Металын хүдэр олборлолт 1.3 их наяд төгрөг хүрч өмнөх оныхоос 150.6 тэрбум төгрөг буюу 13.2 хувиар өссөн нь салбарын өсөлтөд голлон нөлөөлжээ.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал маш үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа. БНХАУ-ын тал манай улсыг бүх түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Гэхдээ бид Монгол Улсын тусгаар тогтнол, хэл соёлыг бүх талаар хүндэтгэж ажиллахаа бүх түвшний дарга нар нь мэдэгдсэн. Тэгэхээр хөрш оронтойгоо хэрхэн зөв зүйтэй ажиллаж, улс орноо хөгжүүлэх тал дээрЗГ анхаарлаа төвлөрүүлээд ажиллаж байна. Урд хөрш рүү нүүрс тээвэрлэх, хил гаалийн нэвтрэх чадвар сайжирч байна.
-Оюутолгойн гэрээг зогсоох вий гэсэн болгоомжлол бий боллоо. Сайд та юу гэж үзэж байна вэ?
-Оюутолгойн гэрээг муу болсон гэж би хувьдаа боддоггүй. Гэрээний хэрэгжилт, далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагууд эрх мэдлийнхээ хүрээнд шалгаж байна. Шалгаад дүгнэлтээ олон нийтэд танилцуулах байх.
Оюутолгойн гэрээ манай улсын төсвийн томоохон хувийг эзэлж байна. Энэ гэрээг зогсоох гацаах тухай асуудал байхгүй.
-Хөшөөтийн уурхайн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?
-Хөшөөтийн уурхай дээр өөрийн биеэр очиж танилцсан. Зам харгуйн бүтээн байгуулалтад иргэд ам сайтай байдаг юм билээ. 21 аймгийн удирдлагуудтай УУХҮЯ-ны зүгээс жил болгон гэрээ хийж ажилладаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад хүргүүлнэ.
-Газрын тосны үйлдвэрийн ажлыг ахиулж чадах уу?
-Энэ үйлдвэрийг Ерөнхий сайд бүрэн дэмжиж байгаа. Нэг тэрбум доллараар газрын тосны үйлдвэр барих талаар Энэтхэг улстай ярьж тохироод явж байгаа.
-Алт хөтөлбөрийн тухайд мэдээлэл өгөхгүй юу?
-Алт хөтөлбөрийг үе үеийн Засгийн газар хэрэгжүүлж байна. Эдийн засгийг тогтвортой байлгадаг үндсэн нөөц нь алт. Бид жилдээ 50 тонн алтыг төв банкандаа тушаадаг байх ёстой. Ингэж байж манай улс дэлхийтэй эдийн засгийн боломжоороо ойлголцож эхэлнэ. Гэхдээ бид хариуцлагатай нөхөн сэргээлт хийдэг компаниудыг дэмжинэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ