Япончууд "хэт хөгширсөн" үндэстэнд тооцогджээ

Японы засгийн газар 2017 оны хүн амын тоог шинэчлэн танилцуулжээ. 2017 оны байдлаар тус улсын хүн ам 127 сая орчим хүрсэн нь долоо дахь жилдээ дараалан буурсан үзүүлэлт гэнэ.

Мөн 65 ба түүнээс дээш настай иргэдийн хүн амд эзлэх хэмжээ 27.7 хувьд хүрч нэмэгджээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 65-аас дээш настны хүн амд эзлэх хувь 7 хувиас хэтэрвэл “хөгширч байгаа нийгэм”, 14 хувийг давбал “хөгширсөн нийгэм”, 21 хувиас дээш бол “хэт хөгширсөн нийгэм” гэж нэрлэдэг байна. Тиймээс Япон улс нь хэт хөгширсөн үндэстэнд тооцогдож, энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа юм.

2017 оны аравдугаар сарын 1-ний байдлаар Японы нийт хүн ам 126.71 саяд хүрсэн нь өмнөх оноос 227,000-аар буюу 0.18 хувиар буурсан тоо ажээ.

Тус улсын 47 мужийн 40-д нь хүн амын тоо буурсан байна.

Хүн амын тоо өссөн бүс нутгуудыг Токио 0.73 хувиар тэргүүлжээ. Гэхдээ өсөлттэй гарсан долоон бүс нутгаас ганцхан Окинавад төрөлтийн тоо нас баралтын тооноос давж нэмэгдсэн бол бусад зургаад нь хүн амын шилжилт хөдөлгөөн, гадаад иргэдийн тоо нөлөөлсөн байна.

Үүн дотроо 124.65 сая нь япон үндэстнүүд байгаа нь өмнөх оноос 372,000-аар буурсан тоо ажээ. Харин 2.06 сая нь гурван сараас дээш хугацаагаар Японд ажиллаж, суралцаж байгаа гадаадын иргэд байгаа юм. 2017 онд анх удаа гадаад иргэдийн тоо 2 саяын босгыг давжээ.

15-64 насны буюу ажиллах насны иргэдийн тоо 75.96 саяд хүрсэн нь нийт хүн амын 60 хувийг эзэлж байна. Энэ харьцаа нь 1950 онд 59.7 хувийг эзэлж байсан оргил үзүүлэлтийн дараа орох муу үзүүлэлт болжээ.

Японы засгийн газар хүн амын тоогоо 2053 онд 100 саяас бага, 2065 онд 88 саяас бага болж, 65 ба түүнээс дээш настны эзлэх хэмжээ 38.4 хувьд хүрнэ гэж өнгөрсөн онд тооцоолж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин