Ноолуурын үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо хэрэгтэй
ХХААХҮЯ, Тогтвортой ноос, ноолуурын эвсэл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Тогтвортой ноолуур, ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэх чадамж: Оролцогчдын хамтын ажиллагааг оновчтой чиглүүлэх нь” сэдэвт олон талт хамтрагч талуудын уулзалт өчигдөр боллоо.
Арга хэмжээг Тогтвортой ноос, ноолуур эвслийн Монгол дахь төлөөлөгч Б.Батхишиг, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон нар нээж үг хэлсэн бөгөөд ноолуурын салбарын төрийн бус болон хөгжлийн байгууллагууд уулзалтад оролцлоо.
Уулзалтын эхэнд, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаа “Ноолуурын салбарын хөгжлийн талаар Засгийн газраас баримталж буй бодлого”, “Ноолуур хөтөлбөр”-ийн талаар танилцуулсан юм.
Бэлчээр ба байгалийн нөөцийн зөв ашиглалт ба хамгаалалт, мал маллагаа, сүргийн чанар, эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн чадамж, чанарын шаардлага хангасан боловсруулах үйлдвэр зэрэг нь ноолуурын үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд чухал хүчин зүйл гэж зохион байгуулагчид үзэж байна. Уулзалтаар ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэтийн төлөв, хэрэгжүүлж буй санал санаачилга зэрэг асуудлыг хөндсөн ярилцсан.
Оролцогчдын зүгээс манай улсын харьцангуй давуу талд тооцогддог ноолуурыг стратегийн түвшинд авч үзэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ингэхдээ түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна гэсэн санал гаргаж байлаа. Малчдын хувьд ноолуураа ангилан, ялгаж сурах, улмаар үйлдвэрлэгчдийн хүсэлт, эрэлт хэрэгцээнд нийцсэн түүхий эд нийлүүлж, үйлдвэрлэгчид ээрэх, гүйцэд боловсруулахдаа анхаарч, хоршин ажилласнаар дэлхийг ноолуураар тогтвортой хангах боломж бүрдэнэ гэж харж байна.
Мөн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих үүрэгтэй Хөдөө аж ахуйн бирж тогтвортой ноолуур, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлийн үнийг тогтоох, ченжийн арилжааг хязгаарлахад чухал оролцоотой болохыг төрийн бус байгууллагын төлөөлөл онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ