Хоёр Солонгосын удирдагчид ирэх сарын 27-нд уулзана
Умард ба Өмнөд Солонгосын албаныхан хилийн Панмунжом тосгонд өнөөдөр уулзаж, хоёр орны удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байгаа аж.
Уг хэлэлцээрийн эхний үр дүн болох Ким Жон Ун, Мүүн Жэ Ин нарын уулзалтын тов тодорхой болсныг мэдээллээ. Хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хилийн Панмунжом тосгонд уулзахаар болжээ.
Панмунжом тосгон бол хоёр улсыг заагладаг Зэвсэггүй Бүсийн Өмнөд Солонгосын талд оршдог суурин юм.
Талууд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр дахин энд уулзаж, Ким ба Мүүн нарын хэлэлцэх асуудлын жагсаалт, аюулгүй байдал, сурвалжлах ажиллагааны зохион байгуулалтыг хэлэлцэж шийдэхээр болсон байна.
1950-1953 оны Солонгосын дайнаар хуваагдсан хоёр улсын төрийн тэргүүнүүд өмнө нь 2000, 2007 онуудад хоёр удаа уулзаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ