Ши Зиньпинд Хятадыг хугацаагүй захирах эрх олгов

Ши Зиньпинийг БНХАУ-ыг насан туршдаа захирах талаарх сүүлчийн асуудал шийдэгджээ. Тухайлбал, тус орны парламент БНХАУ-ын даргын албан тушаалд ажиллах хугацаанд тавьсан хязгаарлалтыг үндсэн хуулиас хасахыг зөвшөөрчээ.

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын бараг гурван мянган гишүүн энэ шийдвэрийг дэмжсэн байна. Үүнийг хоёр хүн эсэргүүцэж, гурван хүн санал өгөхөөс түдгэлзжээ.

Үүний зэрэгцээ эрх баригч коммунист намын баталдаг төрийн эрх барих дээд байгууллага “Ши Зиньпиний үзэл санааг” үндсэн хуульд оруулж, түүнийг намыг үндэслэгч Мао Зэдунтэй нэг зиндаанд тавьсан байна.

БНХАУ-ын даргыг хоёр таван жилээс илүү хугацаагаар ажиллахад тавьсан хязгаарлалтыг Дэн Сяопиний үед 1990-ээд онд үндсэн хуулиар бататгасан юм. Маогийн хугацаагүй захирч, түүнийг тахин шүтэж байсны уршиг дахин давтагдахаас зайлсхийхийг Дэн Сяопин эрмэлзэж байжээ.

Ши Зиньпиний хоёр дахь хугацаа 2023 онд дуусна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон намын их хурал дээр тэр залгамжлагчаа зарлаагүйг засгийн эрхэнд насан туршдаа үлдэхийг хүсч байна хэмээн олон хүн үзэж байсан юм.

Маогийн үед хэлмэгдсэн намын ажилтны хүү Ши Зиньпин залуудаа хөдөө нутагт цөлөгдөж, агуйд амьдарч, тариалангийн талбайд ажиллаж байсан бөгөөд дараа нь Бээжинд буцаж ирж, намын ажлын шатаар дээш авирсаар хамгийн дээд гишгүүрт гарсан юм.

Засгийн эрхэнд гарснаар тэр авилгын эсрэг өргөн цараатай кампанит ажил эхлүүлж, намын эгнээг цэвэрлэх ажилд шууд оржээ. Эхний таван жилд тэрээр засаглалыг тогтворжуулж, ард түмний дундаас гарч ирсэн удирдагчийн нэр хүндээ бэхжүүлсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин