БНАСАУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авчээ
2017 онд Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны ахыг хориотой VX бодис хэрэглэн алсныг Америкийн засаг захиргаа тогтоосон байна.
Ийнхүү Пхеньяны эрх баригчид химийн зэвсэг хэрэглэсэн учир АНУ Умард Солонгосын эсрэг дахин хориг арга хэмжээ авсаныг Америкийн төрийн департамент мэдээлжээ.
Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намын амь насыг бүрэлгэсэн хэрэгтБНАСАУ-ын эрх баригчид холбоотойг, тэрээр хориотой VX бодист хордож амь үрэгдсэнийг Вашингтоны засаг захиргаа тогтоосон байна.
“Энэ хориг арга хэмжээ нь Умард Солонгосын хууль бус үйл ажиллагааны эсрэг авсан өмнөх хориг арга хэмжээн дээр нэмэгдэж байна” гэж төрийн департамент мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дурджээ.
Хориг арга хэмжээ гуравдугаар сарын 5-наас хүчин төгөлдөр болсныг мэдээнд тэмдэглэсэн байна.
“Хүний амь насыг бүрэлгэхэд химийн зэвсэг хэрэглэснийг АНУ буруушааж байна” гэж төрийн департаментаас мэдэгджээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны ахыг 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпурын нисэх буудалд хөнөөсөн юм. Нэг эмэгтэй түүнд дөхөж ирээд, амыг нь алчуураар дарсаны дараа Ким Чен Намын бие эвгүйрхэж, удалгүй тэрээр нас баржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ