Ким Жон Ун Өмнөд Солонгосын элч нартай уулзжээ
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр орой Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай элч нарыг хүлээж авч уулзжээ. Энэ талаар Сөүлийн албаныхан өнөөдөр мэдээлжээ.
Уулзалтын үеэр Ким Жон Ун Солонгос үндэстнийг нэгтгэх үйл явцад түүхэн чухал үүрэг гүйцэтгэх их хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг “Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын талаар ерөнхийлөгч Мүүн Жэ Иний саналыг элч нараас сонссоны дараа их удирдагч өөрийн саналыг хэлж, талууд харилцан зөвшилцөлд хүрлээ” гэж мэдээлжээ. Чухам ямар асуудлаар зөвшилцөлд хүрснийг мэдээлээгүй байна.
Өнгөрсөн сарын эхээр Пхеньяны тусгай элчээр Сөүлд зочилсон удирдагчийн дүү Ким Ё Жон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид дээд хэмжээний уулзалтын урилга гардуулсан юм.
Гэвч энэ уулзалтыг хийхийн тулд Вашингтон-Пёньяны хооронд яриа хэлэлцээр эхлүүлэх шаардлагатай байгаа. Мөн Пхеньян цөмийн зэвсгээс татгалзах амлалт өгөх хүртэл уулзалт болохгүй гэж АНУ-ын тал мэдэгдээд байгаа юм. Хойд Солонгосын талын мэдээлж байгаагаар уулзалт, оройн зоог 18:00 цагаас 22:12 цаг хүртэл үргэлжилж, олон сэдвээр халуун дотно яриа өрнүүлсэн гэнэ.
Гэвч уг мэдээнд цөмийн зэвсгээс ангижрах тухай ганц ч үг дурдагдаагүй байна.
Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын газрын даргаар ахлуулсан 5 тусгай элч, 5 туслах ажилтан, нийт 10 хүнтэй төлөөлөгчид өчигдөр Пхеньян руу ниссэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ