Ж.Батзандан: Эрлэг рүү С.Баяртай явах сонирхол алга
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Д.Энхбатыг манай тагнуулын байгууллагын төлөөлөл гадаадаас хулгай хийж авч ирсэн. Түүнийг Монголд авч ирэхдээ Европын холбооны хууль хяналтын байгууллагынхан мэдээгүй бол энэ нь хүний хулгай. Бид Европын холбооны хуулийн байгууллагынханд бичиг явуулсан. Хариу ирэхээр бүх зүйл тодорхой болно.
Эрдэнэтийн 49 хувийг хувийн компанид авч өгөх ажиллагаанд оролцсон гэдгээ Б.Хурц өөрөө хэлсэн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй. Няцаалт хийх шаардлагатай гэсэн хоёр үзүүрт шийдвэрийг БЗД-ийн шүүх гаргасан байна. Үүнийг эрүүл ухаанаар ойлгоход хэцүү байна. Ийм учраасби шүүхийн шийдвэрийг ойлгохгүй байгаа тул давж заалдах болно. Би авлигачдын шүүхэд итгэхгүй, ард түмний шүүхэд итгэнэ. Удахгүй авлигачдын шүүх татан буугдаж, ард түмний шүүх гарах болно.
Дараагийн асуудалдаа оръё. С.Баяр гэдэг хүн Англи улсад Элчинд сайдын статустай. Гэхдээ сонгууль болохоор ирж эрх баригч намыг удирддаг. С.Баяр гуай надад их гомдсон утгатай захидлыг битүүний өдөр явуулсан. Миний нас залуу, хүүхдүүд минь бага байна. Эрлэг рүү С.Баяртай явах сонирхол алга.
С.Баяр Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан Стандарт банкнаас зээл авсан ажиллагаанд оролцсон гэж хэлсний төлөө намайг шүүхэд өгнө гэж байна. Энэ үйл явдал С.Баярыг Ерөнхий сайд байхад болсон. Тэгэхээр оролцсон байх магадлалтай.
Эрдэнэт дээр Монгол Улсын хууль зөрчигдөж байхад би мэдээгүй, надад хамаагүй гээд сууж байдаг Ерөнхий сайд байдаг юм уу? Стандарт банкинд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан зээл авах үед Ганзориг гэж хүн Эрдэнэтийн захирлаар ажиллаж байсан. Энэ хүн С.Баярын шууд удирдлага дор ажилладаг хүн. С.Баяр Америкт 7-8 хаустай. Энэ хүн уснаас хуурай гараад бултах боломжгүй. Жаст-ын ерөнхийлөгч Ш.Батхүү гэдэг хүн С.Баярын ойрын найз.
Би АТГ, болон улсын ерөнхий прокуророос хууль хэрэгжүүлэхийг шаардаж байна. Эрдэнэтийн 51 хувийн маргааныг шалгах хэрэгтэй. С.Баяр бол Монгол Улсын иргэн, би ч гэсэн Монгол Улсын иргэн. С.Баяр гуай намайг шүүхэд өгнө үү? өөрөө мэднэ биз. Миний дуу хоолойг шүүхэд өгснөөр зогсооно гэж бодож байгаа бол эндүүрэл.
Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан зээлэхэд Монгол Улсын Засгийн газрын байгууллагууд баталгаа өгсөн. Гэмт хэргийг мэдсээр байж мэдээгүй царайлж, хууль хэрэгжүүлээгүйнхээ төлөө тухайн үеийн удирдлагууд хариуцлага хүлээх хэрэгтэй. Би цагаан сарын өдрүүдэд ахмад хүнтэй маргалдахгүй гэж сар шинэ хуучрахыг хүлээж байгаад ийн мэдээлэл хийж байна" гэв.
Д.Намуун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ