Даатгалын аудиторуудын сургалт боллоо

Санхүүгийн зохицуулах хорооноос Даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны төрөлжсөн сургалтыг зохион байгуулж, шалгалт авлаа.

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй хамтран 2017 оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд зохион явуулсан тус сургалтаар даатгалын зах зээлийн эрх зүйн зохицуулалт, урт хугацааны даатгал, төлбөрийн чадварын тооцоолол, нөөц сан, санхүүгийн тайлан, даатгалын гэрээ, аудитын чанарын хяналт олон улсын стандарт, эрсдэлд суурилсан дотоод аудит, компанийн засаглал, аудит хийх үе шат болон ёс зүй зэрэг сэдвээр сургагч багш нар хичээл заав.

“Даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааг зохицуулах журам”-д даатгалын байгууллагад аудит хийх аудитор төрөлжсөн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн байхаар заасан байдаг. Уг журмын дагуу зохион байгуулсан дээрх сургалтад 60 аудитор хамрагдаж, шалгалтад 46 нь орсноос 11 нь тэнцсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ