Бодлогын хүүг хэвээр хадгална
Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлөөс өнөөдөр бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Энэ талаар төв банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдээлэл хийлээ.
Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2017 оны наймдугаар сарын байдлаар улмын хэмжээнд 5,0 хувь, нийслэлд 5.4 хувьтай гарчээ. Оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн. Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляци зорилтот 8 хувьд тогтворжих хандлагатай байгаа аж.
Тэрээр "Гадаад эдийн засгийн орчимд эерэг өөрчлөлтүүд гарч, экспортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдан уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь эдийн засгийг идэвхжүүлж байна. Зах зээлд оролцогчдын итгэл сэргэж, эдийн засагт нааштай хандлага гарч байгаа ч цаашдын төлөв нь экспортын үнэ, хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна.
Мөнгөний бодлогын төлөвийг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, улмаар макро эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа болно" гэж тайлбарлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ