Эдийн засгийн аюулгүй байдлын талаар чуулав

“Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2017.09.14/ ГХЯ-нд эхэллээ. Эдийн засгийн хөгжлөөрөө бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлдэг Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудаасгадна Монгол шиг хөгжиж буй орнуудыг багтаасан Зүүн хойд Азийн бүс нутгийн тулгамдаж буй олон асуудал хурлын гол сэдэв болж байгаа юм. БХЯ болон ГХЯ хамтран зохион байгуулж буй хуралд Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнууд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Монголын эрдэмтэн судлаачид, УИХ-ын Аюулгүйбайдал, гадаад бодлогын байнгын хороо, ҮАБЗ зэрэг яам, агентлаг, газрын мэргэжилтнүүд, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газар, ОУВС, JCS болон Адра зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Хуралд оролцогчид бүс нутгийн хүн ам, газар нутаг, байгалийн баялаг, нөөц бололцоо, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа болон эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлж буй аюул эрсдэлийн талаар санал бодлоо хуваалцаж, цаашид бүс нутагтаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх арга замыг эрэлхийлж байна. Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь бүс нутагт тулгамдаж буй асуудлыг шинжилж,гарц хайн,мэдээллийн сан бүрдүүлэн, хамтын ажиллагааг боловсруулах ажээ. Эрдэм шинжилгээний хурлыг нээж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинүг хэлсэн юм.

Эхний өдрийн хуралд“Зүүн хойд Азийн эдийн засгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд” сэдвээр БХЭШХ-ийн захирал, доктор (Ph.D)профессор, хурандаа Б.Мөнхсайхан, БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн Япон судлалын хүрээлэнгийн захирал Юань Чон илтгэл тавьж, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн Эдийн засгийн аюулгүй байдлын секторын эрдэм шинжилгээний ажилтан С.Давааням “Зүүн хойд Азид эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол улсын оролцоо хувь нэмэр” нэртэй сонирхолтой илтгэл танилцуулсан. Мөн ОХУ-ын Алс дорнодын хүрээлэнгийн судлаач Василий Кашин тус бүс нутагт эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ОХУ ямар нөлөө үзүүлэх тухай илтгэл тавьсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ