“Талх Чихэр” ХК 675 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Талх Чихэр” ХК хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Энэ хугацаанд компани 16.4 тэрбум төгрөгийн орлого олж, татварын дараах байдлаар 675.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Орлогын дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 212.4 сая төгрөгөөр буюу 1.2 хувиар, цэвэр ашиг 1.36 хувиар буурчээ. Орлогын дэлгэрэнгүй тайланг харвал, компани борлуулалт ба маркетингийн зардалд 181.9 сая, ерөнхий ба удирдлагын зардалд гурав орчим тэрбум төгрөг зарцуулсан байна.

Үйл ажиллагааны тухайд, “Талх Чихэр” ХК Улаанбаатар хотын талхны хэрэглээний 60 хувийг, нарийн боовны 25 хувийг хангаж байгаа юм. Түүнчлэн тогтвортой үйл ажиллагаа явуулж, хувьцаа эзэмшигчдэдээ жил бүр ногдол ашиг олгодог зэрэг нь компанийн хувьцааны ханшийн өсөлтөд эергээр нөлөөлж буй.

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард компанийн хувьцаа 7.07 хувиар өсөж, 23 мянган төгрөг давснаар түүхэн дээд үнийн түвшинд хүрч чадсан. Өнөөдрийн байдлаар “Талх Чихэр” компанийн нэгж хувьцаа 22 мянга гаруй төгрөгөөр арилжигдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ