“Материал Импекс” ХК 6.8 тэрбум төгрөгийн орлого олжээ

Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй “Материал Импекс” ХК өнгөрсөн улиралд 6.8 тэрбум төгрөгийн орлого олж, 212.1 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Компанийн орлогын дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 тэрбум төгрөгөөр өсөж, цэвэр ашиг 49.5 сая төгрөгөөр буурчээ.

Компанийн ашигт ажиллагааны үзүүлэлтэд гадаад валютын ханшийн зөрүүнээс 243.6 сая гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн нь гол нөлөө үзүүлсэн аж. Гэхдээ ерөнхий дүнгээрээ “Материал Импекс” компанийн орлого 41 гаруй хувиар нэмэгджээ.

Компанийн үйл ажиллагааны тухайд гадаад дотоод худалдаа, барилга, улс хоорондын тээвэр зуучлал, аялал жуулчлал, түрээс, агуулахын аж ахуй гэсэн чиглэлээр бизнес эрхэлдэг. Одоогоор хоёр охин компанитай төдийгүй Замын-Үүдэд төлөөлөгчийн газартай юм.

Мөн энэ оны гуравдугаар сард болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар компани 2016 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэж, 12 дугаар сарын 31-ний дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон компанийн байрандаа тараахаар болсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ