"Баянгол зочид буудал" 342 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллав
Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй "Баянгол зочид буудал" оны эхний хагас жилийн тайлангаа гаргалаа. Тайлант хугацаанд компанийн борлуулалтын орлого 1.8 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 орчим хувиар бага дүн боллоо.
Мөн гадаад валютын ханшийн зөрүүнээс 170.3 сая төгрөгийн ашиг олсон байна. Нэгтгэсэн дүнгээр компанийн цэвэр ашиг хоёрдугаар улирлын эцэс гэхэд 342.5 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 хувиар буурчээ.
"Баянгол зочид буудал"-ын хувьд өнгөрсөн оны үйл ажиллагааны ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ 150.1 сая төгрөгийн ногдол ашиг хүртээхээр болсон. Ингэснээр нэгж хувьцаанд 355 төгрөгийн ногдол ашиг тараана гэсэн үг. Үүнийгээ ирэх есдүгээр сарын 1-ээс эхлэн "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" болон компанийн байрандаа тараахаар төлөвлөж байгаа аж.
Тус зочид буудлын орлого нь ресторан болон буудлын үйлчилгээнээс бүрддэг. Өнгөрсөн оны үзүүлэлтээс харахад, рестораны орлогын 22 хувийг өглөөний хоол, 58 хувийг хүлээн авалт, 20 хувийг нийтийн үйлчилгээний орлого бүрдүүлж байсан. Мөн зочид буудлын орлого болон зочдын тоо буурсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ