Н.Алтанхуяг: Найман хувийн хүүтэй зээлийг ядуу иргэдэд зориулаагүй
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрч буй долоо хоногт Төв, Хөвсгөл аймгуудад ажилласан байна. Түүнчлэн зургадугаар сарын 17-ны даваа гарагаас эхлэн нэмэх, хасах найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг арилжааны банкууд олгож эхэлсэн. Эх орондоо сайхан амьдрах боломж хүн бүрт нээгдлээ, одоо гагцхүү илүү хөдөлмөрлөж, бүтээсэн баялгийнхаа хэрээр ая тухтай амьдрах хариуцлага иргэд, залууст очлоо гэж Ерөнхий сайд тэмдэглэв.
Засгийн газар “Олуулаа болох хууль” боловсруулж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Эхчүүд жирэмсний таван сартайгаас эхэлж, төрсний дараах таван сар хүртэл сар бүр 40 мянган төгрөг авдаг байсныг 80 мянган төгрөг болгон өсгөх. Ингэснээр нийт 400 000 төгрөгийн тэтгэмж авч байгааг нэмж, хугацааг 24 сар болгох юм байна. Түүнчлэн гурав дахь хүүхэд төрүүлж буй ээжид сар бүр 120 000 төгрөг олгохоор Засгийн газар хуулийн төсөлдөө тусгасан байна. Энэ хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэвэл 2014 оноос хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.
Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
-“Олуулаа болох хууль”-д ээжүүдэд олгох тэтгэлгийг нэмж байгаагаас үүдэж хариуцлагагүй ээж олон болох вий гэсэн болгоомжлол байна. Өмнө нь шинээр гэр бүл бологсдод 500 мянган төгрөг олгосонтой холбоотой хуурамч гэрлэлт олширч, гэр бүл салалт нэмэгдсэн гэх нь бий?
-Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгч энэ шүү дээ. Хариуцлагагүй ээжүүд олон болно гэж бодохоосоо түрүүлээд ээжүүд өөрсдөө төр засаг надад боломж олгож байна гэж бодох хэрэгтэй. Хурдан олуулаа, гурван сая хүн амтай болмоор байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хариуцлагагүй ээжүүд бий болно гэж бодохгүй байна. Харин ч жирэмсэн болсон төрсний дараа олгогдох мөнгө нь нэмэгдээд бараг хоёр сая төгрөг олгогдож байхад ээжүүд ойлгох хэрэгтэй.
- Орон сууцны зээлийн урьдчилгаандаа хашаа байшин тавих сонирхолтой гэр бүл олон байна. Гэтэл найман хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд барьцаа нь заавал орон сууц байх шаардлагатай гэж байна. Нөгөө талаар зээлийн урьдчилгаа төлбөр 30 байгаа нь иргэдэд хүндээр тусч байгаа юм. Журамд урьдчилгаа төлбөр 10-30 хувь байна гэж заасан шүү дээ?
-Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаанд бэлэн орон сууц авч байгаа энэ хөтөлбөрийг жаахан явуулах шаардлагатай байна. Явцын дунд бусад зүйлийг оруулж болох байх.
Урьдчтлгаа 30 хувь гэдэг чинь цоо шинэ зүйл биш. Өмнө нь ч 30 хүртэл хувийг төлөх ёстой гэх шаардлагыг банкууд тавьж ирсэн. Харин урьдчилгаа 10-30 хувь гэдэг нь ямар зорилтот бүлэгт тусгах вэ гэдгээ ярина. Одоогоор ярьж байна. Олон жил ажилласан,тухайлбал 20, 30 жил ажиллачихаад 8 хувийн зээлд хамрагдъя гэвэл урьдчилгаа төлбөр дээр нь тодорхой хөнгөлөлт үзүүлж болох юм. Үүн дээр Засгийн газраас ажлын хэсэг гаргаад ажиллаж эхэлнэ. Тийм учраас өнөөдөртөө байрны урьдчилгаа төлбөрийнхөө 30 хувийг төлж чадаж байгаа нь ипотекийн зээлд хамрагдаад явж байг гэж бид тооцсон.
Ямар зорилтот бүлэгт хөнгөлөлт үзүүлэх вэ гэдгээ ярьж байна. Гэхдээ өнөөдөр хэлэх боломжгүй. Намар тийшээ ярина.
-Төрийн орон сууцны корпораци байгуулна гэсэн мэдээлэл байгаа. Энэ хэзээ байгуулагдаж, ямар ажил үйлчилгээ явуулах вэ?
- Монгол Улс зах зээлд орсноос хойш түрээсийн орон сууц болоод бусад орон сууцны хэлбэрийг устгачихсан. Ерөөсөө л орон сууц худалдаж авдаг ганц хэлбэр л үлдсэн. Төрийн орон сууцны корпораци ойрын хугацаанд байгуулагдана. Наадмын өмнө байгуулагдчих байх. Энэ корпораци барилгын компаниудаар барилга бариулаад түүнийгээ зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх, хөнгөлөлттэй зээлээр олгох, урьдчилгаа төлбөр дээр зохицуулалт хийх зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм. Дээр нь орон сууцны үнийг нэмэгдүүлэхгүй байхын тулд барилга барих ажлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.
-Найман хувийн хүүтэй зээл хэрэгжиж эхэлснээр байрны үнэ өссөн гэсэн мэдээлэл байна. Хөнгөлөлттэй зээл авсан барилгын компаниуд үнээ нэмж байна. Үүнд ямар нэг арга хэмжээ авах вэ. Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх замаар дараа, дараагийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж, тасралтгүй байх зарчим хангана гэж байгаа. Ийм боломж байгаа юу?
-Байрны үнэ өсөх асуудал байхгүй. Үнэ өсгөвөл гэрээгээ цуцална гэдгээ маргааш /өнөөдөр/ албан ёсоор мэдэгдэнэ. Монголбанк, Барилга хот байгуулалтын яамныхан мэдээлэл хийх байх. Дутуу барьсан орон сууцыг нь гүйцээж барихад зориулж хөнгөлөлттэй зээл олгоод, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж урьдчилж цемент, арматур хоёрыг бэлтгүүлээд, инженерийн шугамыг нь татаж өгөөд байхад байрны үнээ үндэслэлгүй нэмж, илүү ашиг харж улайраад байвал "Уучлаарай, та манай Засгийн газрын бодлогод тохирохгүй юм байна" гээд хасчихна. Чадахгүй бол чаддагаар нь хийлгэе. Олсноо юм болгоод илүү ашгийн төлөө улайрдаггүй компаниуд зөндөө бий. Барилгын компаниудад хэлэхэд ярьсандаа байгаарай гэдгийг л сануулъя.
Өнгөрсөн өвөл үндэсний 17 компани нэгдээд орон сууц барья гэж санал гаргасан. Засгийн газраас хэрэгжүүлэх 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажилдаа орсон. Та нар очоод үзээрэй. Шинээр баригдсан спорт цогцолборын баруун талд орон сууц барьж байгаа. Саяхан намайг очиход ажил нь их сайхан явж байна лээ. Тэр бол хамгийн бага үнэтэй баригдаж байгаа орон сууц. Төрийн орон сууцны корпораци ийм ажлыг зохион байгуулна. Тэгэхдээ бид нар хувийн компанийг орон сууцныхаа үнийг хямдруул гэж хэлж чадахгүй. Зөвхөн хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан компанид л хамаарна. Хоёрт Нийгмийн даатгалын сан, шимтгэлд иргэд хэдий хэмжээний мөнгө төвлөрүүлж байна тэр бүгдийг ил тод болгоод явна.
-Засгийн газартай гэрээ байгуулаагүй, Засгаас мөнгө гуйгаагүй компани нийт барилгын компаниудын хэчнээн хувийг эзэлж байна вэ?
-Би яг хувийг нь хэлж мэдэхгүй. Харьцангуй бага байгаа гэж бодож байна. Магадгүй том хаус, том квадраттай орон сууц барьж байгаа нь мэдээж энэ хөтөлбөрт хамрагдаагүй байх.
-Энэ жил барилгын идэвхижил тааруу байна гэж байгаа. Өнгөрсөн жил 700-800 кран ажиллаж байсан бол сарын өмнө 400-500 кран ажиллаж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ тохиолдолд нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэх үү. Нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байгаагаас болж үнэ өсөх вий гэх болгоомжлол үүсээд байна?
-Засгийн газар өнгөрсөн хугацаанд инфляцийг бууруулах арга хэмжээг тууштай явуулсны хүчинд ипотекийн зээлийг иргэдэд олгох бололцоо бүрдсэн. Гэтэл үнэ ханшийг буулгах бодлого явуулаад ирэхээр компаниуд барилгаа барих уу, яах вэ гээд эргэлзэж байгаа юм. Яасан бэ гэхээр барьсан орон сууцны кв.метрийнх нь үнэ өөрсдийнх нь тооцож байснаас доошоо бууж байгаа. Тэгэхээр үнэ өсөхөөр хийх гэж байсан хүмүүс бодож байсан хэмжээнд үнэ нь хүрэхгүй болохоор зарим кранаа ажиллуулахгүй, харзнаад байж байгаа. Харин одоо цаашдаа үнэ буурна. Тийм болохоор барилгын эзэд яавал барилгаа арай хямд өртгөөр барих боломж байна вэ гэдгийг судлаж байгаа байх. Нийлүүлэлтийн асуудал гэвэл өнгөрсөн жил улсын хэмжээнд 11 мянган айлын орон сууц ашиглалтад орж байсан бол өнөө жил 30 мянга гаруй орон сууц ашиглалтад орох судалгаа тооцоо гарсан. Ажил эхлээд удаагүй боловч дутуу баригдсан орон сууцыг гүйцээх чиглэлд хөнгөлөлттэй зээл олгогдсон болохоор төлөвлөсний дагуу барилгууд ашиглалтад ороод явна.
-Улсын төсвийн байдал ямар байна вэ. Нүүрсний экспорт нэмэгдэж байгаа юу?
-Төсвийн байдал одоогоор онц биш. Долоон дор ч биш, дунд зэрэг байгаа. Ер нь бол алдагдалтай ажиллаж байна. Нүүрсний үнэ өмнөх оныхоосоо буурсан. Энэ жил 300 гаруй мянган тонн нүүрс гаргасан байгаа. Цаашид эдийн засгийг нүүрс, зэс зэргээс хамаардгийг болиулж, солонгоруулах бодлого барьж байна.
-Гадаадад ажиллаж байгаа монголчууд өөрсдийн олсон мэдлэг, туршлагаараа эх орондоо үйлдвэрлэл эрхлээд амьдаръя гэхээр тэр боломж нөхцөл олдохгүй юм гэж байна. Засгийн газар ийм хүмүүсээ хэрхэн дэмжих вэ? Энэ талын бодлого байна уу?
-Гадаадад ажиллаад ирж, үйлдвэрлэл байгуулахыг дэмжинэ. Америкт ажиллаж байгаад ирсэн ах, дүү хоёр жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл аваад Сонгинохайрхан дүүрэгт чулууны үйлдвэр байгуулчихсан байна. Солонгост олон жил цутгуурын үйлдвэрт ажиллаад ирсэн залуу Төв аймагт цутгуурын үйлдвэр байгуулаад ажиллаж байна. Ийм иргэддээ хөнгөлөлттэй зээл олгох замаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд нь бид дэмжинэ.
-Төрийн үйлчилгээний цахим машин ашиглалтад оруулж байна. Энэ нь төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчилж байгаа. Тэгэхээр төрийн албан хаагчид цомхотголд орох уу?
-Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ суурилуулснаар хүнд суртал, хүлээгдэл чирэгдэлгүй төрийн үйлчилгээг иргэдийнхээ гэрийн хаяанд хүргэж байгаа юм. Төрийн албан хаагчдын тоо тооны араас хөөцөлдөхгүй байгаа. Харин өглөө эрт босдоггүй, хагас сайнд ажиллахгүй, зөнгөөрөө байгаад сурчихсан нөхдүүдийг л ажлаас халсан.
-Найман хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрт гэр хороололд амьдарч байгаа иргэд хамрагдаж чадахгүй байна. Ядуу амьдралтай иргэдийн хувьд бүр ч боломжгүй. Тэдний хувьд урдчилгаа 30 хувь гэдэг давахааргүй босго. Мөн хашаа байшингаа барьцаанд тавиад зээлд хамрагдъя гэхээр банк нь зөвшөөрөхгүй байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Энэ бол тааз ширтэж хэвтдэг ядуу хүмүүст зориулсан халамжийн хөтөлбөр биш. Манайхан энэ ядуу хүмүүст зориулсан халамж гэдэг зүйлээ болимоор байгаа юм. Ажилтай, орлоготой хүмүүст зориулсан хөтөлбөр. Ганц манайд ч биш бусад оронд ч ийм жишигтэй. Тэгэхээр манай иргэд хоёр зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, ажил хөдөлмөр эрхэлж ядуурлаасаа салах. Шинэчлэлийн Засгийн газар Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулсан. Ажилгүй иргэдээ мэргэжилтэй болгож сургаж байна. Сар бүр цалинжуулж, хоол, унааных нь мөнгийг өгөөд. Дараа нь ажил олгогч компани дээр нь дадлага хийлгээд тэнд нь ажилтнаар оруулж байна. Энэ бүх боломжийг манай ажилгүй иргэд ашиглах ёстой. Энэ хөтөлбөр бол “Иргэдийг яаж орлогоо өсгөж орон сууцтай болох вэ” гэдэгт уриалсан хөтөлбөр. Дөрвөн булчин, нэг бөндгөртэй хүн бүгд ажиллах ёстой. Одоо энэ ядуу хүн гэдэг ойлголтоо салах хэрэгтэй.
-“Олуулаа болох хууль”-д эхчүүдийг дэмжих, тэдэнд олгох тэтгэлгийг нэмнэ гэлээ. Эрчүүдийг дэмжих бодлого байна уу?
-Эхчүүдийг дэмжинэ гэдэг чинь л эрчүүдийг дэмжиж байгаа бодлого биз дээ. Эхнэрээ ажил хийлгээд хүүхдээ харвал нөхөрт нь өгч болно.
Н.БУДСҮРЭН
INFO.MN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ