Х.Цогнойжамцыг гэрчийн хамгаалалтад авах тухай яригдаж эхэллээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг хэрэгт барьж өгсөн гэж шуугиулаад байгаа Х.Цогнойжамцын дуулиан тасрахгүй бололтой. Учир нь түүнийг саяхан гадагшаа бараг зугтаад гарч байгаа тухай мэдээлэл цацагдсан нь ташаа болж эхэлжээ. Тэрээр ажил төрөл бизнесийнхээ асуудлаар л түр хугацаагаар хилийн дээс алхсан гэнэ.

Түүний ээлжит дуулиан гэдэг нь Ё.Отгонбаяраар тогтохгүй өөр олон хүний талаар мэдээлэл өгч магадгүй гэх яриа гарчээ. Тэрээр нийслэлийн нэлээд олон газарт үл хөдлөх хөрөнгө болоод барилгын бизнес эрхэлдэг аж. Тэр бүхнийгээ МАН-ынхны дэмжлэгтэйгээр хийж байсан бололтой. Хамгийн сүүлийн хэвлэлийн мэдээлэлээр бол нэгэн ерөнхийлөгчийн тусламжтайгаар Сарны титэмийн хувьчлагдсан газрыг өөрийн болгож дөнгөсөн гэсэн. Бас энэхүү хууль бус газрыг өөрийн болгохдоо тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга М.Энхболдын оролцоо байсан гэж хэвлэлүүд шуугисан. Тэгвэл хотын төвийн энэхүү газрыг Х.Цогнойжамцын мэдэлд шилжүүлэхийн тулд хэн гэдэг ерөнхийлөгчийн оролцоо байсан бэ? Зүгээр л тусалсан гэж үү? Хотын дарга М.Энхболд төрийн өмчийн хорооны хувьчилсан газрыг яагаад салгаж Х.Цогнойжамцад өгсөн бэ? Бас зүгээр л шилүүлчихсэн үү? Энэ бүхний цаана юу байсан бэ? Зайсанд орон сууцын хороолол сүндэрлүүлэх газрыг ямар шугамаар олж авсан бэ? Байгаль орчны хэн гэдэг сайд тийм том газар эзэмшүүлсэн бэ? гэх мэт анхаарал татах олон асуудлууд урган гарчээ. Бас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн сонгуулийн зардлыг даадаг байсан гэж үнэн үү? Ингэх ямар шалтгаан байсан бэ гээд нэмж сонирхох асуудлууд ч ундарчээ. Төрийн өмчит нилээд олон үйлдвэрт шахааны бизнесийг цэцэглүүлэх замаар Сангийн яамны тэргүүтэй олон дарга нарыг ч бөхөлзүүлдэг тухай домог хөвөрч байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Х.Цогнойжамц энэ бүхнийхээ талаар мэдээлэл өгч магадгүй гэнэ. Тийм ч учраас Х.Цогнойжамцыг гэрчийн хамгаалалтад авах тухай яриа гарчээ. Үнэхээр ийм санаачилга гарсан уу гэдэгт хэн ч албан ёсоор мэдээлэл өгөөгүй. Одоогоос жил гаруйн өмнө Н.Энхбаярыг баривчлагдахад түүнийг олон том хэргийн гэрч. Тиймээс авлигалтай холбоотой олон том хэргүүдээ задлаад эзэн холбогдогчийг нэрлэж чадвал гэрчийн хамгаалалтад авах ёстой гэсэн санаачилга гарч байсан юм. Тэр ч бүү хэл том авлигалын хэргүүдийг нэрлэвэл яллах шаардлагагүй ч гэж яригдсан. Харин Н.Энхбаяр би ямар ч авлигалын хэрэг мэдэхгүй. Би тийм юм хийгээгүй. Би хэлмэгдсэн гэсэн агуулгатай тайлбарыг одоо болтол хийсээр байгаа билээ.

Ё.Отгонбаярын хүмүүст дээрэмдүүлсэн хүн нь Х.Цогнойжамц мөн гэж цагдаагийн байгууллага өнөөг хүртэл албан ёсоор зарлаагүй. Гэхдээ л Х.Цогнойжамц мөн гэж хэвлэлүүд бичсээр ирлээ. Х.Цогнойжамц нь ерөнхийлөгч Н.Багабандитай айлсан Чингэс зочид буудлын арын "ROYAL CASTLE" харшид амьдардаг. Бас Налайхын сургуулийн барилгаас эхлээд Зайсан хийгээд Үйлдвэр комбинатад орон сууцны барилга сүндэрлүүлж яваа бизнесмен маань улс төрчдийн балгаар олон түмний танил болж эхэллээ. Үнэхээр хүмүүсийн яриад байгаа шиг тэрээр МАН-ын олон улс төрчдийн авлигалын асуудлыг сөхөж чадвал гэрчийн хамгаалалтад орохыг үгүйсгэж болохгүй юм. Гэхдээ манай улсын түүхэнд ингэж гэрчийн хамгаалалтад орж байсан түүх байхгүй. Цаашид ийм үүсгэл санаачилга бодит байдал болон хэрэгжихийг үгүйсгэж бас болохгүй.

24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ