Талийгаач гранат дээр хэвтэж, бусдыгаа хамгаалжээ
“ДҮҮГ МИНЬ ОРШУУЛААД БИТГИЙ ОРХИОСОЙ”
Өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө /2017.04.11/ Улаанбаатараас 55 км-ын зайд байрлах “Тавантолгой” цэргийн сургалтын нэгдсэн төвд гранат дэлбэрч, энхийг сахиулах ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн ЗХЖШ-ын 350 дугаар ангийн найман цэрэг гэмтэж, хоёр ахлагч нас барсан осол гарсан билээ. Осол ар гэрийнхэнд нь хэрхэн хүнд туссаныг энд бичихэд бэрх.
Тэсэрч буй гранат дээр цээжээрээ хэвтэн, өөрийнхөө амийг золиослож, бусдыгаа аварсан, ахмад Б.Мөнгөншагайг өчигдөр /2017.04.17/ сүүлчийн замд нь үдлээ.
Талийгаач Төв аймгийн Баян сумынх. Аав, ээж нь одоо ч тэнд амьдардаг. Тиймээс ар гэрийнхэн нь талийгаачийг төрсөн нутагт нь нутаглуулжээ. “Их гомдолтой байна” гэж ярих ар гэрийнхнийх нь сэтгэлийн үгийг сонсохоор “НЬЮС” агентлагийн сурвалжлах баг Баян сумыг зорилоо.
Талийгаачийн аавыг н.Батсуурь гэдэг. Аав, ээж нь хоёулаа Баян сумынхаа ерөнхий боловсролын сургуульд багшилдаг аж. Батсуурь багшийнх хаана вэ хэмээн зам дагуу алхаж буй хижээл насны эрэгтэйгээс сураглахад андахгүй зааж өглөө.
Хашааны үүдэнд олон машин зогссоноос харахад талийгаачийг аавынх хөл ихтэй харагдана. Арга ч үгүй биз дээ. Биднийг харсан ногоон дээлтэй дундаж биетэй, нүдэнд нь гуниг хурсан, хичжээл насны эрэгтэй гэртээ орохыг зөршөөрлөө. Хэл чимээгүй ирсэндээ хүлцэл өчөөд, дотогш оров.
“Та энийг хагалдаа” хэмээн тоглоом барин гүйх бүлтгэр нүдтэй, сэргэлэн хүү хамгийн түрүүнд нүдэнд туслаа.
Аавыгаа үүрд алдсанаа мэдээгүй яваа тэр бяцхан жаал талийгаачийн хүү аж. Тэр зургаан настай ажээ.
Төд удалгүй гаднаас талийгчийн нагац ах Д.Гунгаабаяр бидэнтэй ярилцахаар орж ирсэн юм. Түүний “Хамгийн сайныг нь аваад явлаа. Дүү минь эхээс гурвуулаа. Дээрээ хоёр эгчтэй. Өөрөө айлын бага, ганц эрэгтэй нь байсан юм” гэх ярианаас бидний уулзалт эхэллээ.
-Үйл явдлыг яг хэзээ мэдэв?
“Монголд ийм юм болжээ” гээд эхнэрнад руу өнгөрсөн Лхагва гаригийн орой ярьсан.Ах нь үүнийг сонсоод шууд л наашаа ирлээ.Эгчийнхээ ганц хүүг өнөөдөр /2017.04.17/ сүүлийн замд нь үдээд сууж байна.
-Талийгаачийн ээжийн биеийн байдал сайнгүй байна гэсэн?
Нэг жилийн өмнө харвасан юм. Тийм үедээ хүүгээ алдсанаа сонсоод яаж сайн байхав дээ. Хэвтэрт, бүдэг бадаг л ярьж байна.
-Талийгаачийг дурсаад яривал?
Миний дүү их нийтэч, тиймдээ ч их л олонтай явсан хүн байсан даа.
-2009 оноос хойш цэргийн байгууллагад ажиллаж байсан гэл үү?
Интернэтээр дүүрэн л намтар нь явж байсан. Бараг монголын сайт болгон бичиж. Харахад бүгд үнэн л харагдана лээ. Дүү минь Төв аймгийн Баян суманд наймдугаар анги хүртлээ сураад, Багахангай руу шилжсэн юм. Тэндээ ерөнхий боловсролоо дүүргээд, Батлан хамгаалах сургуульд элссэн. Ингээд 2009 онд сургуулиа төгсөөд, анх Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын 013 дугаар ангид салаан захирагчаар томилогдон очиж, ажлын гараагаа эхэлсэн. Тэгээд сүүлд хоёр жилийн өмнө Налайх дахь 350 дугаар анги руу шилжсэн юм.
-Туршлагтай энхийг сахиулагч, мэргэн буудагч байлаа даа?
Тийм ээ.Зэвсгийн офицер хүн. Хоёр ч удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн, медальтай. Хариуцсан салаагаараа энхийг сахиулах ажиллагаанаас хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авч байсан гэнэ.
-Саяны сургуулилт дээр ч салаагаа удирдаад явж байсан гэсэн?
Тэгсэн.
-Талийгаачийн эхнэр давхар биетэй гэж сонслоо?
Тийм. Ирэх аравдугаар сард төрөх байна уу даа. Хүүхэд нь сая энүүгээр дээлтэй гүйгээд байсан тэр. Одоо зургаан настай. Сургуулийн бэлтгэл ангид явдаг юм. Саяхан талийгаач хүүгээ хоёр дахь жилдээ хичээлд нь хүргэж өглөө гээд хүүтэйгээ авхуулсан зургаа фэйсбүүктээ оруулсан харагдсан.
-Шинэ хүнтэйгээ уулзаж чадалгүй явжээ?
Тийм шүү дээ. Бэрийг минь их хэцүү амьдрал хүлээж байна даа. Бага насны хүүхэдтэй дээрээс нь гэдсэндээ нэг гэхээр яаж ч бодсон ямар олиг байхав дээ.
- Батлан хамгаалахын яам /БХЯ/-наас 10 жилийн цалинтай нь тэнцэхүйц тэтгэмж олгоно гэж мэдэгдсэн. Ар гэрийнхнийх нь үгийг хэр сонсч байна?
Тэр бол зүгээр түр зуурынх шүү дээ. Манай дүү байсан бол хоёр хүүхдээ хүний дайтай өсгөж, хүмүүжүүлнэ. Одоохондоо сонсч байна. Энэ долоо хоногт ЗХЖШ-ын дарга н.Даваа гэж хүн биднийг хүлээн авч уулзах юм гэсэн. Яг хэзээ гэдэг нь одоо тодорхой биш байна.
Дүүг минь оршуулаад битгий орхиосой доо.
Би Ж.Бадамбазар хошууч, генералд хэлсэн. “Ард нь үлдэж буй хүмүүсийн амьдралыг бодоорой. Тэжээгчээ алдсан хоёр хүүхэд, эхнэрийнх нь амьдралын баталгааг гаргаж өгөөрэй. Хэргийг үнэн зөв шалгаж, шийдээрэй. Энэ л одоо чухал байна” гэсэн.
-Зарим эх сурвалж талийгаачийг бусад цэргийнхээ амийг хамгаалж, өөрөө дэлбэрч буй гранат дээр хэвтэж, аюулыг үүрээд явсан байсан гэж ярьсан. Энэ үнэн үү?
Хэвлэлүүд янз бүрээр л бичиж байна. Зарим нь ч ортой зүйлүүд байдаг байх. Хэргийг шалгаж дуусаагүй. Эцсийн шийд гараагүй, яг юу болсныг мэдэхгүй байна. Бид нүдээрээ хараагүй, үзээгүй. Дам яриагаар бол нэг цэрэг нь алдаа гаргаж гранатыг газар унагахад, дүү маань бусдыгаа хамгаалах оролдлого хийсэн юм шиг байгаа юм.
-Хэрэгт Төв аймгийн цагдаагийн газар эрүү үүсгэсэн байсан. БХЯ, ЗХЖШ-аас та бүхэнд албан ёсны тайлбар хийв үү?
БХ-ын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга Ж.Бадамбазар нар ирж эмгэнэл илэрхийлээд, ажил явдалд өнөөдөр /2017.04.17/оролцлоо. Ж.Бадамбазар хошууч генерал бидэнд талийгаач зүгээр ч нэг үхээгүй ээ, бусдыгаа хамгаалах гэж өөрөө тэгж эрсдсэн байсан гэдгийг хэлсэн.
Тэд БХ-ын сайд Б.Бат-Эрдэнийн даалгавраар эмгэнэл илэрхийлхээр ирлээ гээд анх хоёр хоногийн өмнө ирсэн. Өнөөдөр басталийгаачийг сүүлийн замд нь үдэхэд оролцлоо. Мөн хүндэт харуулууд жагсч, үлээвэр найрал хөгжмийнхөн ирж гашуудлын хөгжим тоглоод, газар дээр нь очоод ёслолын буудлага хийсэн. Хамт олон, найзууд нь гээд олон хүн ирлээ. Заримыг нь яг нэрлэж чадахгүй байна.
-Тийм л баатарлаг эрээ монголчууд алдаж дээ?
Их гомдолтой байна. Үнэхээр харамсалтай.
-Хавтаст хэрэгтэй ар гэрийнхэн нь танилцсан уу?
Одоогоор нарийн хараагүй. Таамаг төдий мэдээлэлтэй л сууна. Энэ долоо хоногоос биднээс нэг төлөөлөл гарч, хэрэгтэй танилцаарай гэж Ж.Бадамбазар хошууч, генерал хэлж байна лээ.
-Талийгаач багаасаа цэргийн хүн болно гэдэг байсан уу? Та хэр ойр өссөн бэ?
Энэ хашаанд л цуг тоглож өссөн дөө. Эхээс гурвуулаа, хоёр эгчтэй, айлын бага, ганц эрэгтэй нь байсан. Тэгээд л бурхан хамгийн сайныг нь эхлээд аваад явлаа. Ээж нь буюу манай эгч айлын ганц. Манай хамгийн том ах цэргийн хүн. Түүнийг л дагасан юм болов уу даа.
-Аав, ээж нь бол хоёулаа багш?
Аав нь хөгжмийн багш, ээж нь хөдөлмөрийн багш. Хоёулаа л Баян сумандаа насаараа ажиллаж байна. Ээж нь сүүлд тушаал дэвшиж, сургалтын менежерээр ажиллаж байсан юм. Талийгаач айлын ганц эрэгтэй нь болохоор ар гэрээ авч явдаг. Хамаг юмыг нь хийдэг байсан хүн дээ.
Гүн эмгэнэл илэрхийлье. Ярилцсанд баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ