СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүл салалтад аавыгаа буруутгаж амийг нь хөнөөжээ
Өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг үйлдэгджээ. Тодруулбал, тус дүүргийн 16-р хороо, “Хархорин” захын ард талын тоот байранд 17 настай Б гэгч өөрийн төрсөн эцэг болох 48 настай М-ийг хэвлийн тус газарт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэжээ.
Энэхүү хэрэг болохоос өмнө хүүгийн аав, ээж хоёр салж, аав нь тусдаа амьдрал зохиогоод байсан гэх ба энэ хугацаанд хүү сэтгэл гутралын байдалтай явдаг байсныг зарим эх сурвалж мэдээллээ.
Хэрэг гардаг өдөр хүүгийн ээжийн төрсөн өдөр болж, хүүг эзгүй хойгуур аав нь гэртээ ирээд байжээ. Хүү орой гэртээ ирээд салж явсан аавдаа уурлан маргалдсаны эцэст хутгалж,хохирогч М газар дээрээ нас баржээ.
Үүрийн 04:00 цагийн орчимд хүү цагдаагийн байгууллагад өөрөө дуудлага өгсөн байна. Хэргийн газарт цагдаа нарыг ирэхэд сэжигтэн Б оргон зайлсан байжээ. Тэрээр энэ талаар цагдаад мэдүүлэхдээ “Болсон үйл явдлыг тодорхой санахгүй байна. Аавыгаа хөнөөснөө мэдээд маш их айж балмагдсан. Яах урчаа олохгүй цагдаад дуудлага өгчихөөд айсандаа зугтсан” хэмээжээ.
Энэхүү хэргийг харъяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд хэрэг үйлдсэн гэх Б нь 17 настай учир эрүүгийн хариуцлагад татагдахаар болжээ. Одоогоор сэжигтэн Б-г ШШГЕГ-ын харъяа хүүхдийн хорих ангид түр саатуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Дээрх хэргийн талаар цагдаагийн байгууллагад хөндлөнгийн гэрчээр оролцсон эх сурвалжаас зарим зүйлийг тодрууллаа.
-Таэнэ хэргийн талаар хэзээ мэдсэн бэ?
-Бүтэн сайн өдрийн үүрээр цагдаа нар ирээд хүмүүсийг байцааж эхэлсэн. Тэр үед л мэдсэн. Цагдаа нар тууз татаад хүн оруулж гаргахгүй хэсэг удсан. Өглөөгүүр шүүх эмнэлгийнхэн ирчихсэн цогцосыг насилкан дээр тавиад гаргаад аваад явсан.
-Энэ хүн амины хэргийг гэр бүл салалтаас үүдсэн гэх мэдээлэл байна. Хүү энд хэнтэйгээ амьдардаг байсан юм бэ?
-Тэр айл манай байранд их удаж байгаа. Хүүгийн эцэг талийгаач М багагүй уучихдаг байсан. Бас эхнэрээ зоддог байсан гэж дуулсан. Би бол зодож байхыг нь, эхнэрийг нь элдэв янз болсон явж байхыг харж байгаагүй. Намайг эндирснээс хойш удалгүй аав нь хамт амьдрахаа болиод салаад явсан. Хүү ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан. Ер нь бол хүүхэд ээжийгээ өмөөрч аавтайгаа муудалцдаг. Аавтайгаа ер нь таарамж муутай байж байгаад л ийм зүйл болчихлоо. Хүү салалтад аавыгаа их буруутгаж явдаг байсан юм шиг байна билээ.
-Хүүг ойр орчмын орцонд найзуудтайгаа архи уудаг байсан гэж оршин суугчид ярьж байна. Та энэ талаар дуулсан уу?
-Ер нь бол мэднэ ээ. Бага залуу хүүхэд гэхэд хэдэн банди нартай нийлж уудаг байсан. Хэдхэн хоногийн өмнө гуравдугаар орцонд хэдэн хүүхдүүд ууж байгаад хөөгдөж гарсан. Тэдэн дунд байсан юм билээ. Хэрэг гарсан өдөр ч мөн л гадуур явж байгаад оройтсон байсан гэж ярилцаж байна лээ.
Б.ЦОГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ