24 баримт: С.Батчулуун “Бидний сонгосон С.Баярын 65 нохой биднээс уравжээ”

УИХ-ын гишүүн С.Жавхлан, Ард түмний онц зөвлөл буюу "Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн"-нийхөн өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн Сүхбаатарын талбай дээр жагсаал, суулт зарлаад буй. Тэд оффшорын эсрэг болоод төсвийн тодотголоор татвар нэмэгдснийг эсэргүүцэж байгаа юм. Тэгвэл жагсаалын үеэр хэн, юу хэлснийг 24 баримтаар хүргэж байна.

Баримт 1. Жагсаал зохион байгуулагчид өнөөдөр оффшорт хөрөнгөө нуусан улстөрчдөө эргүүлэн татах, хөрөнгөө оффшорт нуусан хүмүүслйг Монголдоо оруулж ирэх зэрэг шаардлагаа тавин, эрх баригчдыг энэ чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлага тавих юм.

Баримт 2. УИХ- ын гишүүн С.Жавхлан: Энэ арга хэмжээнд оролцоно гээд шөнө миний нойр хүрсэнгүй. Би өөрийнхөө бодол, сэтгэл дэх зүйлүүдээ хэлье гэж бодож байна.

Баримт 3. Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам, Ардчилсан нам гэсэн гурван нам бүлэглэлийн аль нэг гишүүн нь УИХ гишүүн байхаас үл хамаарч, аль нэг гишүүний овт шаарт, данс тооцоо мөнгө гүйлгээ байгаа тэр нам бүлэглэлээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэг ч хүний нэрийг дэвшүүлэхгүй байя Монголчууд аа.

Баримт 4. Энэ намуудаас Ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлэхийг хүсч байгаа бол тэр хүмүүсийнхээ мөнгийг Еренхийлөгчийн сонгуулийн нэрс тодрохоос өмнө олж ирэхийг шаардаж байна.

Баримт 5. Одоо бүгдээрээ татвараа өгөхгүй. Түр хүлээж бай. Зөв хүний гарт төрөө өгсөн цагт татвараа өгье.

Баримт 6. Монголчууд бид зөв үнэн цагийг авчрах цаг нь ирсэн. Бидний үр сад, цэнхэр тэнгэрийн үрс боол шиг амьдарч болохгүй. Бид хаан заяат улс. Морин туурайгаараа дэлхийг эзэлж, тамгалж явсан улс. Дэлхий нийтэд байгаа монголчууддаа хандаж хэлэхэд битгий няцаарай.

Баримт 7. Баян Монголын Баянхонгорын баялгийг фашистуудаас хамгаалах хөдөлгөөний тэргүүн, Ардын уран зохиолч Т.Галсан: Миний сэтгэл, зүрх хоёр бол ард түмэнтэйгээ нэг. Иймээс эх орны шарх, иргэн бүхний зовлон миний зүрхэн дундуур урсаж байдаг юм шүү. Тэгээд ч би анхны жагсаалаас эхэлж ирж, оролцсон.

Баримт 8. Оффшорчид бол овтой нь дэндсэн шаар, оргож зугтаагсдын шийр, овьёос даахгүй муу таар, оршуулах газаргүй өмхий хүүр. Олзны төлөө ээжийнхээ хоолойг цавчих заазуур. Олон орон дамжсан хулгайч шар муур.

Баримт 9. Х.Батгулга аа чиний нутгийг хортой усны шалбааг болгож байна. Ус бохирдвол цус бохирддог. Цус бохирдвол нас охорддог. Тиймээс би Хонгор нутгийнхаа төлөө тэмцэж байна.

Баримт 10. Оффшорчдын эсрэг нэгдсэн хөделгөөний тэргүүн Г.Батсайхан: Сүүлийн 26 жил Монголын төр эзгүйдсэн нь үнэн. Төрд дөрвөн жилийн хугацаатай бидний томилсон хүмүүс хойт эцэг шиг зан гаргаж байгаа нь үнэн.

Баримт 11. Бид мянга мянган жилээр өвгөд эцгийнхээ цусаар олдсон агуу баян нутаг дээрээ амьдарч байгаа хэрнээ бидний баялаг урагшаа гол мөрөн шиг гарч байна. Бид юу ч хийж чадахгүй байна.

Баримт 12. Монголчууд бидэнд дахин нэг шинэ хууль хэрэггүй ээ. Хууль гарах бүрт Монголын ард түмний нуруун дээр ачаа нэмэгддэг. Харин улстөрчдөд гарц нээгддэг.

Баримт 13. Ард түмний онц түр зөвлөлийн Ерөнхий зохицуулагч С.Батчулуун: Гурван сая монголчуудаас сонгогдсон Ерөнхийлөгч Оффшорын хуульд хориг тавих ёстой. Бидэнд боломж байна. Одоо биш бол дараа гэж байхгүй.

Баримт 14. Бид боловсролтой, түүх мэддэг ард түмэн. Өөрсдийгөө хамгаалсан тэр хууль ёсчлогдоогүй байгаа. Тиймээс хориг тавих ёстой.

Баримт 15. Бидний сонгосон С.Баярын 65 нохой биднээс уравжээ. Түүнийг Лондонгоос нисээд Монголдоо ирэхэд тэрбум тэрбум долларыг нь хамгаалсан хууль гаргаж, алх цохичихлоо.

Баримт 16. С.Баяр одоогооос долоо, найман жилийн өмнө хэлж байхдаа нэг триллон долларын өртөгтэй тийм их баялаг “Оюу толгой”-н дор оршиж байна гэсэн. Одоо ингээд өдөр бүр нэг сая доллар Монгол руу орох болно гэж хэлсэн. Та бид итгэсэн. Гэтэл өнөөдөр Оюу толгойгоос өдөр болгон 6.2 сая доллар гарч байна. Оюу толгой зуун хувь оффшор болсон байна шүү. Иймээс бид тэмцэх хэрэгтэй.

Баримт 17. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар: Өнөөдөр монголчууд бид эх орондоо, газар шороондоо, баялагтаа эзэн нь байх уу гэдгээ шийдэх гэж байна.

Баримт 18. Өнөөдөр Монголын газар нутаг, ард түмэн, аймаг сумынхан бүхэлдээ сэрж байна гэж бодлоо. Ардчилал нэрийн дор бид хөгжиж байна гэж бодсон боловч бидний баялаг Монголын ард түмний мэдэлд байх ёстой газар, түүний баялаг цөөхөн хэдэн хүний ашиг завшааны зүйл болжээ.

Баримт 19. Монголд эдийн засаг, нийгмийн хямрал нүүрлээгүй, ард түмний баялгийг цөөхөн оффшорчид, авлигачид завшчихсан юм. Ийм үйл явдал бий болчихжээ.

Баримт 20. Монголын ард түмэн үүнийг залруулахыг шаардсан ч УИХ хэлбэр төдий, ард түмний нүдийгхуурсан хуулийг гарган, хуурахыг оролдож байна. Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг хэд гурван заалт хийгээд энэ өдрөөс хойш ийм асуудал гарвал энэ хуулиар хориглоно гэжээ. Ийм хууль гэж байдаггүй юм.

Баримт 21. Монгол Улсын эрүүгийн хууль, олон улсын хэмжээнд мөнгө угаах хууль, оффшор дансанд татвараас нуун далдлах хуулиудаар хариуцлага хүлээх явдлыг үндсэндээ хаахыг оролдсон бусармаг явдал. Үүнийг хуульч хүний хувьд хэлэхийг хүсч байна.

Баримт 22. Шударга ёсны тэмцэл, эх орны телөөх тэмцлийг бид бүгд хийх хэрэгтэй. Бид бүгд хамтран тэмцэх ёстой. Монголчууд аа тэмцэцгээ, сэрцгээе, эх орныхао баялагт эзэн нь болъё.

Баримт 23. “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр: Монгол эх орноо сайтар хамгаалах хэрэгтэй.

Баримт 24. Монголын ээжүүдийн, ахмадын төлөөлөл Монголын ахмадын челөөт холбооны тэргүүн Г.Баасан: Монгол Улсаа аврах цаг нь болжээ. Цаг хугацаа бол асар үнэтэй шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ