Орон сууцны бага хүүтэй зээлийн бүрдүүлэх материалын жагсаалт гарлаа
Өнөөдөр арилжааны банкууд жилийн найман хувийн хүүтэй зээл олгох ажлыг албан ёсоор эхлүүлж байна. Сүүлийн 20 орчим жил монголчуудын хүсэн хүлээсэн систем. Америк киноноос хардаг мөрөөдөл. Одоо харин боломж болон ирэв.
Гагцхүү иргэд одоо яах ёстой вэ. Үүний хариултыг олохоор банкуудын зээлийн мэргэжилтнүүдийн өрөөг жаал онголзууллаа. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн эрхийг хэрхэн авсныг нь мэдэхгүй ч үүний “буянаар” чамгүй алдаршсан “Төрийн банк”-аар эхлээд оров. “Mongol costums” төвийн дэргэд байрладаг банкны 109 дүгээр салбарт зээл олгох юм байна.
Өдийд ч зээл авахыг хүссэн хүмүүс мэргэжилтнүүдийн өмнө цуваа үүсгэсэн байх гэж бодоод ортол нам гүм. Бүрдүүлэх материалын талаар мэдээлэл авах гэсэн надаас өөр хүн найман хувийн хүүтэй зээлийн талаар сурагласангүй.
Зээлийн мэргэжилтний хэлж буйгаар хэдийгээр Монголбанк байрны зээлийн урьдчилгааг есдүгээр сарыг хүртэл 30 хувиар гэж тогтоосон ч банкууд эрсдлээ тооцоолж, нэмж ч болно гэлээ. Засгийн газрын ерөнхий журам ч аргагүй л “ерөнхий” утгатай юм.
Ямар ч байсан ерөнхий журмын шаардлагыг хангасан, 80 м.кв-аас ихгүй талбайтай, ашиглалтад бүрэн орсон орон сууц сонгосон, зээлийн талбөрт сар бүр үндсэн орлогынхоо 45-аас дээшгүй хэмжээний мөнгө төлөх чадвартай хэнбугай ч материал бүрдүүлж болох нь.
Бүрдүүлэх материал
1.1 Зээл хүсэгчтэй холбоотой бүрдүүлэх материал:
-Үндсэн болон хамтран зээл хүсэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Хүүхдийн төрсний гэрчилгээ
-Оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт
-Худалдан авч буй орон сууцны өөрсдөөс санхүүжүүлж байгаа эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн талаарх баримт нотолгоо
-Байр худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, шинэ байр бол Улсын комиссын акт
1.2 Цалингийн орлоготой зээл хүсэгч бол:
-НДД-ийн хуулбар \Албан тушаалын тэмдэглэлийн хамт хуулбарлах\
-Байгууллагаас цалингийн тодорхойлолтыг албан тушаал, ажилласан жилийн хамт тодорхойлсон албан бичиг
-Хийснээрээ цалинждаг, улирлын чанартай ажилтай тохиолдолд цалингийн тогтвортой байдлыг батлах баримт
-Нэмэгдэл хөлс, илүү хөлс, шагнал, урамшууллын нотлох баримт
-Хөдөлмөрийн болон бусад гэрээ
-Ажлын үнэмлэхний хуулбал
-Цалингийн картын дансны хуулга
1.3 Хувиараа бизнес эрхэлдэг зээл хүсэгч бол
-Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, холбогдох байгууллагын зөвшөөрөл, холбогдох гэрээ
-Сүүлийн нэг жилийн болон татварын албанд тодорхойлсон орлогын тайлан, бизнесийн үйл ажиллагааны орлого, зарлагын тооцоо, бараа материалын үлдэгдлийн тайлан, хар дэвтэр, дансны хуулга
-Хуулийн этгээдтэй тохиолдолд ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох баримт материал
-Бизнесийн үйл ажиллагаа болон орлогоос хамааран бусад шаардлагатай нэмэлт баримт бичиг
Жич: хамтран зээлдэгч үндсэн зээлдэгчийн нэгэн адил материал бүрдүүлнэ.
Харин “Худалдаа хөгжлийн банк”-ны хувьд аль салбарынх нь зээлийн мэргэжилтэн энэ талаарх мэдээлэл өгөх боломжтой гэсэн. Гэхдээ эднийх тухайн зээл хүсэгчийн орон сууцны зах зээлийн ханшийг бууруулж тооцох учраас хэцүү санагдсан.
Тухайлбал 72 сая төгрөгийн байр авах гэж сонгосон байлаа гэхэд үүнийг барьцаа болгон авахдаа үнийг нь 25 хувиар багасгах юм байна. Тэгэхээр банк урьдчилгаа 30 хувийг авсан ч 21.6 сая төгрөгийг төлсөн ч банк үлдэгдэл 50.4 саяд биш бууруулан тооцсон үнийн дүнтэй тэнцэх хэмжээний зээл гаргах ажээ.
30 хувийн урьдчилгаа чангадаж байхад орон сууцны бодит үнийг бууруулан үнэлэх нь хууль болон журам, тогтоол нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй. “ХХБ”-ны хувьд тухайн зээл хүсэгчийн сонгосон байрыг харж, цалин, орлогыг нь шалгаж, багагүй ажил удсаны дараа бүрдүүлэх материалын жагсаалтыг өгнө. Тэрнээс нааш ихэд нууцлах ухааны юм ярьсан.
Харин “Улаанбаатар хотын банк” орон сууцыг бодит ханшаар нь үнэлэхээс гадна иргэдэд материалаа шууд бүрдүүлж ирэх боломж өгч байгаа аж. Эднийх:
-Зээл хүсэгчийн өргөдөл \Орон сууцны зээлийн журам Хавсралт 1\
-Зээл хүсэгчийн гараар бичсэн өргөдөл \зээлийн хэмжээ, сонгосон орон сууцны тухай тодорхой бичнэ\
-Гүйцэтгэгч болон зээлдэгчийн хооронд байгуулсан гэрээ
-Урьдчилгаат төлбөр төлсөн баримт
-Урьдчилгаа төлбөрийг хуримтлуулсан хадгаламжийн дансны хуулга, хаанаас бүрдүүлсэн тухай баримт
-Зээлдэгч, хамтран зээлдэгч, зээлдэгчийн гэр бүлийн гишүүдийн анкет \Орон сууцны журам Хавсралт 2\
-Иргэний болон ажлын үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Зээлдэгч, хамтран зээлдэгч, зээлдэгчийн гэр бүлийн гишүүдийн тогтмол болон тогтмол бус орлогыг нотлох баримтууд
-Байгууллагын цалингийн тодорхойлолт
-НДД-ийн хуулбал \Албан тушаалын тэмдэглэлийн хамт хуулбарлах\
-Хөдөлмөрийн гэрээ, цалингийн картын хуулга
-УБЕГ-аас гэр бүлтэй эсэх лавлагаа, гэр бүлтэй бол гэр бүлийн баталгааны хуулбал
-Оршин суугаа хорооны тодорхойлолт \Ам бүлийн тоо, регистрийн дугаар бичигдсэн байх\
-Барьцаа хөрөнгийн талаарх баримт. Хэрэв хуучин байр сонгосон бол тухайн байрны талаарх лавлагааг УБЕГ-аас авна.
-Дансны хуулга \Урьдчилгаа төлбөр болон бусад бизнесийн орлогын гүйлгээ хийгддэг данстай бол\
-Банкны өр барагдуулах тодорхойлолт \зээлдэгч гишүүн бүрт\
-Бусад шаардлагатай нэмэлт материалыг тухай бүрт нь авна гэж зээл олгох журамдаа заажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ