Б.Цэрэндолгор: Наймдугаар сард Сингапур явж загварын ажлаа эхлүүлнэ
Дэлхийн загварын ертөнцийн алдарт “Next Top Model”шоу нэвтрүүлгийг “Боловсрол” телевиз 10 жилийн ойдоо зориулан“Бюро 24/7” дижиталсэтгүүлтэйхамтраналбан ёсны эрхтэйгээр монголчуудын хүртээл болгон амжилттай өндөрлөөд байна. “Mongolia's Next Top Model” шоуны шилдэг оролцогч Б.Цэрэндолгортой ярилцлаа.
Бид түүнтэй гэрт нь цаг товлон уулзсан юм. “Өнөөдөр сургууль дээр шалгалттай байсан болохоор үдээс өмнө завгүй байлаа” гэсээр тэрээр биднийг угтсан. Загвар өмсөгч Б.Цэрэндолгор анагаах ухааны “Ач” сургуулийн IV курсын оюутан. Шоу, нэвтрүүлэг хичээлийнх нь амралтын үеэр таарсан учраас нөхөх хичээл бага байлаа гэсээр бидний яриа өрнөсөн юм. Тэгтлээ будах дургүй, энгийн зүйлст дурладаг Цэкү хөгжимд дуртай, тэр дундаа “МTV” хөгжмийн сувгийн үнэнч фэн гэнэ. Биднийг гэрт нь зочлоход тэрээр “МTV” хөгжмийн сувгийг сонгон үзэж байсан юм. Түүний гэр багахан уран зургийн галерей гэлтэй. Ээж нь уран зурагт дурладаг болохоор ийнхүү гэрийнхээ засал чимэглэлд эмэгтэй хүний гоо сайхныг гайхуулах тосон зургуудыг шигтгэж өгчээ.
-Шоу, нэвтрүүлэг өндөрлөөд удаагүй байгаа болохоор баярын мэндчилгээ тасрахгүй байгаа байх. Хүмүүсийн хандлага хэр байна?
-Урмын үгс, мэндчилгээ тасрахгүй байна. Уулзсан хүн бүр “Чи газартаа л байгаад байна. Дээшээ гараагүй байна. Энэ чинь зөв шүү” гэх мэт гоё үгс их сонсч байгаа. Ялалтдаа бялуурахгүй байх юмсан гэж өөрийгөө дарж байгаа. Ялагч болж зорилгодоо хүрсэн хүн тэр дээр байна гэж юу байх вэ дээ. Бага багаар дээшлэн даруухан баймаар байна.
-Өмнө нь “Next Top Model” шоуг үзэж байхад ямар төсөөлөлтэй байв. Шоуны ард өрнөсөн хоёр сарын амьдралын талаар сонирхуулахгүй юу. Чиний төсөөлж байснаас хэр байсан бэ?
-Миний төсөөлснөөс өөр, хамаагүй халуун, дотно байсан. Өмнө нь “American’s Next Top Model” шоуг үзэж байхад хэтэрхий өрсөлдөөндөө улайрсан хүмүүс байгаа харагддаг. Магадгүй тэд хэтэрхий нээлттэй хүмүүс учраас шоу, нэвтрүүлгийн туршид хэрүүл маргаан тасардаггүй байсан байх. Тэр нь үзэж байгаа хүмүүст нь ч нэг их асуудал биш байсан. Нэг иймэрхүү орчин битгий үүсээсэй гэж хүсч байсан. Миний төсөөлөлд мэдээж үзсэн харснаараа бодож, олон охид цугласан юм чинь хэрүүл маргаан байнга гарах байх даа гэж эмээж байсан. Түүнд яах вэ гэх зүйлс их байсан. Гэхдээ төсөөлснөөс өөр байсан шүү. Хэдийгээр бүгдээрээ нэг үеийнхч өөр өөр насныхны өмнө байнгын камертай байна гэхээр надад хэцүү санагдаж байсан. Энэ шоунд оролцогчид миний төсөөлснөөс хамаагүй халуун дотно уур амьсгалтай байсан. Мөн тэр камеруудыг бидэнд зөвөөр ойлгуулж юу гаргахаа зургийн багийнхан мэдэх учраас гэртээ байгаа юм шиг л чөлөөтэй байгаарай гээд л зөвлөж байсан. Тэнд дасах гэж ердөө ч удаагүй. Хүмүүст хэдэн охид гоё сайхан байшинд амьдран зураг авахуул гэвэл авахуулчихаад байж байгаа мэт харагдсан юм шиг байгаа юм. Гэхдээ нэгдүгээрт энэ бол өрсөлдөөн, хоёрдугаарт бид хоорондоо найз байхын тулд коллектив бүрдүүлэх хэрэгтэй. Зураг авахуулна гэдэг чинь өөрөө бас тийм ч амар зүйл биш. Бид тэнд зураг авахуул гэхээр гарч авахуулаад бусад үед нь гэртээ ирээд унтаж, идээд байгаагүй. Энэ бүхэн хэзээ ч амархан байгаагүй.
-Шоунд оролцох шийдвэр гэнэтийн байсан гэсэн шүү дээ?
-Дөнгөж зарлал нь гарч эхлэхэд жаахан ч гэсэн загварыг сонирхдог учраас “Яадаг юм билээ” гэж бодож байсан. Тухайн үед миний таньдаг, танихгүй олон хүн “Чи ороод үз” гэсэн. Тэр болгонд л орох хүсэл төрөн “Яагаад болохгүй гэж. Надад алдах юм байхгүй” гээд эцсийн мөчид бүртгүүлээд орж байсан.
-Хоёр сар огт гар утас ашиглахгүй байх ямар байв?
-Анх бүртгүүлж байхад хоёр сарын турш гар утас ашиглахгүй шүү гэж хэлж байсан. Энэ нь надад гоё санагдаж байсан. Ашгүй дээ гээд л. Магадгүй гар утсаа ашиглаж байсан бол тэнд халуун дулаан уур амьсгал үүсэхгүй байсан болов уу. Утаснаас хол байх гэж би хичээдэг ч чаддаггүй байсан. Түүнийгээ энд хэрэгжүүлнэ гэхээр надад маш их таалагдаж байсан.
-Шоу дуусаад гар утсаа асаахад сошиалд нэлээд маргаан шүүмж, магтаалууд хөвөрч байсан болов уу. Энэ бүхнийг хэрхэн хүлээж авав. Гомдох, баярлах зүйлс хэр их байсан бол оо?
-Сошиал дээр бидний тухай яриа ид буцалж байсан. Миний төсөөлснөөс ч илүү бидний талаархи яриа дэндүү их байсан. Магадгүй гайхах ёстой байсан байх. Гэхдээ би ердөө ч гайхаагүй.Юунд хамгийн их гомдож байгаа гэхээр таагүй, муухай сэтгэгдлүүдийг бичсэн хүмүүсийн дийлэнх нь үр хүүхэдтэй ээж нар байсан. Яагаад өөрөө үр хүүхэдтэй ээж байж хүний үрийг ингэж муухайгаар бичсэн юм бол доо гэж их эмзэглэсэн. Хүмүүсийн ухамсар, хүмүүжил, уншсан номын ялгаа хүртэл аливаа зүйлд тод гардаг шүү дээ. Яг тэр л ялгаа энд маш их анзаарагдсан.
-Өөрийн чинь нэрээр өөр фэйсбүүк хаяг үүссэн тохиолдол байв уу?
-Фэйсбүүк дээр хэн ч хэний ч өмнөөс хаяг нээн ажиллуулж чаддаг болчихсон. Хамгийн гол нь миний нэрээр хаяг нээчихсэн байна шүү гээд хүмүүст хэлэхээр чи одоо юун сүртэй юм бэ, од зан суулаа гэж хэлдэг. Энэ тийм ойлголт биш шүү. Миний нэрээр л цаашаа өөр хүнтэй харьцдаг. Манай нэг оролцогчийн тухайд гэхэд л түүний нэрээр хуурамч хаяг нээн ажлын саналыг нь аваад цалинг нь тохирчихсон байсан гэсэн. Үүн дээр л хамгийн гол нь ярьж байгаа. Түүнээс биш энэ хуурамч хаяг би биш гэж ярих надад шаардлагагүй.
-Оролцогчдод ажлын саналууд их ирсэн байсан. Өөрийн тань хувьд ялагч болсноор Сингапурын загварын агентлагтай хоёр жил хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа. Гэхдээ наана нь Монголд өөр ажлын саналууд ирсэн үү?
-Яг одоо ажлын саналыг өөр дээрээ хүлээж авахгүй. Учир нь гэрээг маань продюссертай ярих ёстой байгаа. Тиймээс продюссер маань яриад шийдэж байгаа байх. Ирсэн ажлын саналууд бол байгаа.
-Сингапур Улсын “Looque” загварын агентлагтай хэзээнээс эхлэн хамтран ажиллахаар болсон бэ?
-“Looque” загварын агентлагтай өнгөрсөн даваа гаригт продюсер эгчтэйгээ сууж байгаад мэйл бичээд бүх зүйлээ тохирсон. Ирэх наймдугаар сард Сингапур явж ажлаа эхлүүлнэ. Түүнээс өмнө эндэх ажлуудаа амжуулах боломжтой хугацаа байгаа.
-Ирэх наймдугаар сараас өмнө хамтран ажиллах саналуудыг хүлээж авах боломжтой байх нь ээ?
-Тийм ээ. Ирсэн ажлын саналуудаа продюссертайгаа сууж байгаад ярилцана.
-Шоунд оролцоход байгуулсан хатуу гэрээ байгаа юу. Жишээ нь ажлын санал дээр продюсераараа дамжуулна гэх ч мэт.
-Айхтар хатуу гэрээ бол байхгүй. Продюссер ажилтан хоёрын хооронд хийсэн гэрээтэй.
-Сингапурын талтай хийсэн гэрээний дагуу хоёр жил ажиллана. Харин сургуулиа төгсөх хараахан болоогүй байгаа. Энэ бүх ажлыг хэрхэн зохицуулах гэж байна?
-Моделийн амьдрал бол байнгын л хөдөлгөөнтэй наашаа, цаашаа явдаг ажил. Тэр ч утгаараа ирэх наймдугаар сард Сингапур аваад хоёр жилдээ монголд ирэхгүй байж магадгүй. Би энэ жил IV курс дараа жил төгсөнө. Энэ жилийн хичээлээ дуусгаад дараа жил чөлөө авах бодолтой байгаа. Карьер бол насных. Суралцахад нас хязгааргүй болохоор эхэлж олдож байгаа боломжоо түрүүлж ашиглаад дараа нь өөрийнхөө сонгосон мэргэжлээрээ сурах бодолтой байгаа.
Тэр ч утгаараа Сингапурын загварын агентлаг бол цэвэр миний карьерын асуудлыг хариуцна. Тэд модель хүний чиглэлээр мэргэшсэн байгууллага учраас би үүнд санаа зовохгүй байгаа. Модель менежмент бол загвар өмсөгчдийг зуучилдаг газар. Тухайн агентлагийн чансаанаас хамаараад би хаашаа явах вэ гэдэг нь шалтгаална. “Looque” агентлаг бол моделиудаа Азидаа биш ихэнхдээ Европ руу гаргадаг. Тийм болохоор чансааны хувьд ч надад таалагдаж байгаа.
-Загварын ертөнц рүү ороод хоёр жил гаран болж байна гэсэн шүү дээ. Монголд модель менежмент тал дээр ажилладаг агентлаг хэр олон байдаг вэ?
-Монголд загварын олон агентлаг үйл ажиллагаагаа явуулдаг. Манайд агентлаг нь зөвхөн зуучилдаг хувь авдаг газрууд бий. Хүмүүс мэдэж байгаа “Монгол модель” агентлаг бол хамгийн мундаг нь. Менежмент тал руугаа хамгийн их дөхөж байгаа байгууллага. Тэд загвар өмсөгчдөө Хятад, Сингапур руу гаргаж ажиллуулдаг. Монгол загварын энэ чиглэл рүүгээ хөгжиж байгаа.
-Хоёр жил загвар өмсөхдөө “Гоёл” наадамд оролцож байсан уу?
-Нэг удаа оролцож байсан. Гэхдээ загвар өмсөж эхлэхээсээ өмнө Сэлэнгэ багш дээр загварын алхаа сурч байхдаа шүү дээ. Тухайн үед “Гоёл” наадмын загвар өмсөгчдийн шалгаруулалт болоод багш маань ороод үзээч гээд оролцон тэнцээд оролцсон. 16-тай байхдаа. Түүнээс хойш “Гоёл” наадам бол миний хийх загварын ажил биш юм байна гэж бодоод ахиж оролцоогүй.
-Яагаад. Манайд загварын ертөнцийг “Гоёл” наадмаар төсөөлөх хандлага их шүү дээ. Ялангуяа загвар өмсөгчдийн хувьд тэндээс “Топ” тодруулдаг болохоор орох хүсэл их байсан болов уу?
-Сүүлийн үед энэ эрч хүч их буурч байгаа. Хүмүүсийн мэдэхээр загварын дээд шоу нь “Гоёл” байсан. Тийм учраас их нэр хүнтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд тодорхой шалтгаануудаас болоод энэ наадмын нэр хүнд буурсан болов уу. Үүнийгээ дагаад ч хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн. Мөн монголд загварын салбар хэтэрхий хурдан хөгжиж байгаа учраас ар талын зүйлсээ хаяж эхэлж байгаа. Түүнтэй ч холбоотой байх гэж бодож байна. “Гоёл” наадамд оролцсон жилдээ би жаахан байсан. Тэрчутгаараа тайзнаа ард өрнөж байгаа зүйлс надад таалагдаагүй. Миний хийх ажил биш, дэмий юм байна гэж бодсон. Тэгээд хоёр гурван жил энэ салбараас больё гээд холдчихсон байсан. 19 нас хүрэх гэж байхдаа Ариунаа Сүри намайг брэндийнхээ нүүр царайгаараа сонгосон. Тухайн үед Ариунаа Сүри брэнд Мерседес бенз шоунд оролцчихсон монгол брэнд дэлхийд гарч байгаа гэдгийн тод жишээ болж байсан учраас энэ саналыг зөвшөөрөхгүй байхын аргагүй байсан. Тэндээс л загварын карьер гэдгийг эхлүүлж байлаа.
-Топ модель Д.Болормаагийн шавь гэсэн шүү дээ?
-Би Болормаа багштай хамтарч ажиллаад 8 сар болж байна. Багшаараа нэг сар хичээл заалгаж үзсэн. Багшийн хувьд үнэхээр сайн, найз ч байж чаддаг. Өөрөөсөө залуу олон хүмүүстэй харилцдаг ч тэр бүх ажлыг чадварлаг зохицуулж чаддаг юм болов уу гэж бодож би үлгэр дууриал авдаг хүн. Манай багшийн талаар хэн ч юу ч гэж ярьж байсан би хаана ч очоод түүнийг өмгөөлөх тийм л хүн. Болормаа багшийн шавь нар яалт ч үгүй бусдаасаа ялгардаг.
-Түүний шавь нар шоу болгонд гүйж очоод ороод байдаггүй. Хүмүүст багш нь битгий ор гэж хэлдэг байх гэсэн ойлголт байдаг л даа?
-Үгүй ээ. Манай багш хэзээ ч шавь нар руугаа утасдаад чи энэ шоунд битгий ороорой гэж хэлдэггүй. Харинч эсрэгээрээ орох орохгүй нь та нарын асуудал гэдэг. Хэзээ ч ямар нэгэн уралдаан, шоунд орлоо гэхэд хорьдоггүй. Манай агентлагийн охид өөрсдөө болж байгаа шоу болгонд оролцох сонирхолгүй байдаг.
“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн ялагч Б.Цэрэндолгор үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхийн эзэн болоод байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ