Бизнесийнхэн улсад төлж байгаа татвартаа хяналт тавьж байх нь чухал
Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхнийг төр, засгийн гишүүдтэй уулзуулан санал бодлоо солилцдог “Business Breakfast” уулзалтын энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр оролцлоо. Тэрээр, Манай улсад ажил, хөдөлмөр эрхлэлтийн харьцаа, эрэлт нийлүүлэлтийн баланс алдагдсныг онцлон нийгэм даяар халамж хавтгайрсны улмаас тогтвортой хөгжлийн бодлого үгүйлэгдэж байгааг уулзалтын эхэнд дурдлаа. Мөн бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид төлсөн татвар, НДШ-ийнхээ хойноос юунд зарцуулагдаж байгааг хянаж, хариуцлага нэхэж, хүлцэнгүй бус байхыг уриаллаа. Уулзалтанд оролцогчид олон жил дуншиж байгаа Хөдөлмөрийн хууль, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, уламжлалт бус хөдөлмөр зохион байгуулалтын арга, хэлбэр шинээр үүсэн бий болж, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмыг хэрэгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх шаардлага тулгарч байгааг сайдад санууллаа. Энэ удаагийн уулзалтанд бизнес эрхлэгчид болон хөдөө орон нутгийн бизнесийн төлөөлөл зэрэг 150 орчим хүмүүс оролцов. Уулзалтын үр дүнд ойрын хугацаанд хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар бизнес эрхлэгч, ажил олгогчдыг хамруулсан хэлэлцүүлэг хийнэ гэдгээ Н.Номтойбаяр сайд хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ