Э.Энхболд: Хонконг, Хятадын хамтарсан “SMI” кино компанитай гэрээ байгуулаад ирлээ
Энэ зун үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, орой бүр догдлуулан хүлээлгэж байсан “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч, загвар өмсөгч Э.Энхболдтой ярилцлаа. Тэрээр энэ сарын 8-наас 12-ны өдрүүдэд Олон улсын тэмцээнээс “Гранпири” шагнал хүртэж, чадварлаг загвар өмсөгч болохоо батлаад иржээ.
-МАНАЙ МОДЕЛИУД ОЛОН УЛСЫН ТАВЦАНД ГОЛОГДОХООРГҮЙ БОЛСОН-
-Юуны өмнө эх орныхоо нэрийг олон улсад дуурсгаж, Гранпри шагнал хүртсэнд тань баяр хүргэе!
-Нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Есөн сарын 10-нд Хонконгодзохион байгуулагдсан “Internatioinal Fashion Super Model 2016 Contest” тэмцээнд амжилттай оролцоод, “Сошиал сүлжээх дэх хамгийн их санал авсан загвар өмсөгч”, “Фото график модель” болон “Фото женик” гэсэн гурван шагнал хүртээд ирлээ. Тэмцээний эхний үйл явц найман сард Хонконгод хэвлэлийн бага хурал болон зураг авалтдаа ороод ирсэн. Мөн сая есдүгээр сарын 5-нд финалын шатандаа оролцоод, шагналуудаа хүртээд,, эх орондоо ирлээ. “Сошиалаар хамгийн их санал авсан загвар өмсөгч” шагнал маань нэг ёсондоо ард түмний маань шагнал юм болов уу, би хувьдаа ард түмнийхээ шагналыг аваад ирлээ гэж бодож байгаа.
-Монголын загвар өмсөгчийг бусад орныхон ямархуу байдлаар хүлээж авав?
-Энэхүү тэмцээн ес дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Монголын хувьд анх удаагаа оролцсон. Буджаргал, Балжидмаа гэсэн хоёр мундаг бүсгүйтэйгээ хамт оролцсон. Анх удаа гэдэг утгаараа их хариуцлагатай санагдаж хичээж байсан. Хонконгийн болон Хятадын загварын салбарын томоохон зохион байгуулагч, дизайнер, моделиуд шүүгчийн бүрэлдэхүүнд орсон. Манай Балжидмаа хоёрдугаар байранд орсон мөн дээрээс нь сошиалаар хамгийн их санал авсан, Буджаргалын хувьд нэгдүгээр байрын шагнал хүртсэн. Манай монголчууд Ази болон Европ төрхтэй байдгаараа их онцлогтой байсан. Бид гурвын хувьд гэвэл Балжидмаа яг гоё Ази төрхтэй, Буджаргал маань Европ төрхтэй, намайг монгол мөртлөө Солонгос залуу шиг өвөрмөц төрхтэй гэх байдлаар бид гурвыг их дэмжиж байсан. Тэр ч утгаараа шүүгчдийн бүрэлдэхүүн болоод тэмцээн зохион байгуулагчид маш их таалагдлаа хэмээн хэлж байсан.
-Одоо хаана ямар агентлаг байгууллагад харъяалагдаж байна вэ?
-Одоогоор ямар нэгэн агентлагт харъяалагддаггүй. “Монголын загвар урлагийн холбоо”-г үүсгэн байгуулаад, тэргүүнээр нь ажиллаж байна. Анх “Монгол модель” агентлагаас гарч байсан Болормаа багшийн “бүтээгдэхүүн” юм. Тэр ч утгаараа “Монгол модель” агентлагтайгаа холбоотой хамтарч ажиллаж байна. Болормаа багшийгаа энэ салбарт удаан ажиллаад мундаг залуучуудыг бэлтгэн гаргаж байхад өөрөө нэг агентлаг байгуулаад явахыг хүсдэггүй юм.
-Таныхаар Монголын загварын хөгжил аль шатандаа явж байна вэ?
-Монголын загварын салбарыг олон улсын хэмжээнд зах зээлийн болон салбарын хувьд авч үзвэл хөгжиж дэвшиж байгаа зүйл байхгүй. Аливаа зүйл угаасаа алхам алхмаар дээшлээд явж байдаг. Магадгүй монголчууд хувь хувьдаа их амбицтай болохоороо ч тэр үү тархай, бутархай, багийн хамтын ажиллагаа сул байдгаараа нилээн шүүмжлэлтэй талууд байгаа. Гэхдээ саарын хажуугаар сайнтай гэгчээр манай моделиуд олон улсын тавцанд гологдохооргүй болсныг эхнээс нь бид бүхэн харж байна. Нью-Иоркийн фашион макед хүртэл манай Энэрэл гээд модель маш амжилттай оролцож байх жишээний. Дээрээс нь манай Отгонжаргал дизайнер 2015 онд Солонгос улсад зохиогдсон “Asian fashion festival awards’’шоунд Азийн 20 орны 40 дизайнер коллекцоо танилцуулахад“Гранпри” болон “Азийн шилдэг дизайнер” шагнал аваад ирсэн.
-БИ Ч ИНГЭЭД ОЛНЫ ЭЛЭГ ДООГ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА,ОРОХ ХЭРЭГ БАЙСАН УУ ГЭЖ ЭРГЭЛЗЭЖ БАЙЛАА-
Тэмцээний үеэр таньд Азийн кинонд тоглох санал ирсэн. Ямар санал байв аа?
-Хонконг, Хятадын хамтарсан “SMI” кино компанитай гэрээ байгуулаад ирлээ. Энэ шоуны гол зорилго нь “Fashion super model” гэж байгаа ч моделиосоо гадна кинонд тоглодог, том брендийн нүүр царай болдог авьяас мэдлэгтэй хүнийг зах зээл дээр бэлдээд санал болгодог. Үүгээрээ ашгаа гаргаж авдаг болохоор үүний цаана л нөгөө супер гэдэг үг яваад байгаа юм. Эхний зураг авалтууд энэ 12 сараас эхэлнэ, би өөрийгөө гологдохгүй байх гэж бодож байна. Энэхүү кино дэлхийн кино болох учраас миний хувьд төсөөлшгүй баяртай байгаа.
-Мөн саяхан “Галзуу зугаалга” уран сайхны кинонд тоглосон. Загвар өмсөгч хүн зураг авахуулах, тайзан дээр алхахад ч мөн адил дүр бүтээж, хувцсаа амилуулдаг, тэгвэл уг кинонд тоглохдоо дүрээ хэрхэн амилуулж чадав?
-“Галзуу зугаалга” кино есдүгээр сарын 23-нд нээлтээ хийх гэж байна. Би модель хүн, тэмцээн уралдаанд оролцдог, энэ тэндэхийн дүр төрхөөр ажилладаг ч кинонд тоглох нууцхан хүсэл байсан. Хоёр, гурван жилийн өмнөөс киноны саналууд ирж байсан ч тухайн үед киноны зохиол, дүр, цаг хугацаанаас хамаараад болдоггүй байсан. Анх кино найруулагч, продюсерууд уулзалт хийж байхдаа “Энхболд оо, энэ дүр маш гоё дүр, жинхэнэ жүжигчин хүмүүсийн хүсдэг дүр” гэж хэлж байсан. Тэгэхээр анхны дүр, ийм гоё байгаа учраас энэ кинонд тоглох хэрэгтэй гэдэг саналыг тавьсан. Надад ч дүр, үйл явдал их таалагдаж саналыг хүлээн авсан. “Галзуу зугаалга” кино маань ихбогино хугацаанд бүтсэн. Киноны зураг авалт 20-30 хоног үргэлжилсэн, бид бүхэн 20-иод хоног майханд амьдарч байгальд зураг авалтаа хийсэн. Үеийн чадварлаг уран бүтээлчид, болон мундаг дадлага туршлагатай ах, эгч нартайгаа хамтарч ажиллахад үнэхээр их зүйл сурч мэдэж авсан. Энэхүү киногоо булган сүүлтэй хэмээн ихэд бэлгэшээж байгаа.
-“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн урилгыг хүлээн авснаар өөрийгөө нээж, олонд илүү их танигдсан болов уу. Танд хэр үр өгөөжөө өгсөн бэ?
-2016 оны эхээр “Яг түүн шиг” шоунаас санал ирсэн. Загварын төлөөлөл болоод чамайг сонголоо гээд хэлэхэд үнэхээр гайхалтай санагдаж, шууд л баярлалаа би бэлэн, та нар надаас юу хүсч байна, би бүгдийг хийхэд бэлэн гээд л саналаа хүлээн авч байлаа. Үр өгөөжийн хувьд яривал тоочоод барамгүй. Манай нийгэмд загвар өмсөгч моделийг ойшоож үнэлэгдэггүй, ялангуяа эрэгтэй моделийг ихээхэн шүүмжилж доромжилдог. Надад “гомо” гэсэн тодотголтой ханддаг байсан. Харин шоуны дараа бол хүмүүсийн харж байгаа өнцөг эрс өөрчлөгдсөн. Модель хүн гэхэд дуулж, бүжиглэж байна, мөн тодорхой хэмжээний жүжиглэлт үзүүлж байна гэдгийг ард түмэн харсан байна лээ. Мөн анхны гэдэг утгаарааа анхны “Яг шүүн шиг” шоунд оролцсондоо их баяртай байдаг.
-Шоуны хамгийн хэцүү дүр хэнийх байв? Больё доо гэж бодон шантарч байсан удаа бий юү?
-Эхний нэг, хоёрдугаар шатан дээрээ монгол уран бүтээлчдийг аваад хамгийн муу оноо авч байсан. Тэмцээн дөнгөж эхэлж байхад хамгийн муу оноо аваад хүн их хямардаг юм байна лээ. Би ч ингээд олны элэг доог болж байгаа юм байна, орох хэрэг байсан уу гэж эргэлзэж байлаа. Тэгээд гуравдугаар шатан дээрээ “Kazaky”-ыг сонгон авсан. Тухайн үед үүнийг хамгийн хэцүү дүр гэж бодож байлаа. Би бараг больдог ч юм уу гэж бодож байлаа. Тэгсэн ч галт тэрэг аль хэдийнэ хөдөлсөн, сайн ч хэлэгдсэн, муу ч хэлэгдсэн хамаагүй болих эрх байхгүй нэвтрүүлгийнхээ ард нь гарна гээд зүтгэсэн. Миний эхнэр ч надаа маш их урам зориг, эрч хүч өгсөн. “Зүгээр ээ, зүгээр шүү дээ, амь биш заяа биш энэ дүрээ л илүү их сайн бэлдээд гүйцэтгэлтэй хий” гэж хэлж байсан. Яг үнэнийг хэлэхэд олон жил загварын тайзан дээр гарсан атлаа нэг ч удаа өндөр өсгийт өмсөж үзээгүй юм байна лээ. Дээрээс нь хагас нүцгэн хувцас өмсөөд, дуулаад бүжиглэнэ гэхэд их бэрхшээлтэй санагдаж байсан. Шоуны үеэр тайзан дээр гараад л хаалга нээгдэхэд зрительд суусан залуучууд үзэн ядсан харцаар хараад л, охид нь хоорондоо шивнэлдэж байгааг хараадза одоо бүгдийг хөсөр хая, үзүүлж өгнө дөө гээд позоо аван зогсож байсан. Энэ мөч л миний эргэн ирэлт, сэрэлт байсан юм болов уу.
-Хэзээнээс гадаад хэл сурах болов оо? Шоуны үеэр гадаад хэл дээр дуу дуулах үед хүндрэл гарч байв уу?
-2006 онд “Нарантуул” зочид буудалд хүмүүсийн тээшийг зөөж өгдөг ажил хийдэг байхдаа гадаад хүмүүстэй их харьцдаг байсан. Тэр үеэс л хэл сурч эхэлсэн. Гэхдээ их сайн биш ээ, цааш суралцах шаардлагатай л байгаа. Шоуны үеэр яг үнэнийг хэлэхэд Лэди Гагагийн дууг дуулахад их хүндрэлтэй байсан. Яанаа Энхболдын “Лэди Гага” гээдхүмүүс одоо ч хүртэл инээлдээд ярьдаг гэсэн.
-БЭЛТГЭЛЭЭ ХОЙШ ТАВИАД ТЭР ГАРЧ БУЙ ЦАГАА АЛЬ БОЛОХ ГЭР БҮЛТЭЙГЭЭ ӨНГӨРӨӨХИЙГ ХИЧЭЭДЭГ-
-Цаашдын уран бүтээлийн зорилгыг тань сонирхъё. “VR” хамтлаг дахин уран бүтээлээ туурвих уу? Сонсогчид их хүлээдэг санагдсан...
-Анх 2015 онд найзуудаараа нийлэн “VR” хамтлагийг үүсгэн байгуулж байсан. Бид дөрвийг нэгдэж байгаа үүднээс хүмүүс их хүлээлттэй байсан. Гэхдээ дөрвүүлээ хувьдаа ажилтай болохооор 100 хувь уран бүтээлдээ ханцуй шамлан орж чадахгүй байна. Ер нь бараг жилдээ нэг дуу гаргадаг болох гээд байна уу гээд хоорондоо инээлдэж сууна. Хамгийн анхны “Чи намайг санах уу” дуу маань сонсогчдод их хүрсэн ч дараагийн уран бүтээл маань төдийлөн хүмүүст хүрээгүй. Гэсэн хэдий ч дараагийн уран бүтээлдээ орсон. Их гоё уран бүтээл болно хэмээн найдаж байна.
-Дуулдаг, жүжиглэдэг, загвар өмсдөг гээд маш олон төрлийн авьяастай юм. Таньд өөр олонд дэлгээгүй бас өөр нууц авьяас байгаа юм биш биз?
-Байлгүй яах вэ. 2011 оноос эхлээд барилгын салбар луу орсон. Гэрийнхээ засварын ажлыг өөрөө хийдэг байсан. Энэ ажлын байрны бүх интерьер дизайнаа эхнэр, бид хоёр гаргасан. Мөн хоол хийх авьяас бага зэрэг бий. Айлын том байсан болохоор өдөр бүр хоол хийдэг байлаа. Одоо эхнэртэй болсон болохоор хоол хийгээгүй удаж байна. Манай эхнэр орон орны их амттай хоолууд хийнэ ээ.
-Гэргий Отгонжаргал тань бас дизайнер мэргэжилтэй, хоёулаа загварын хүмүүс их завгүй байдаг болов уу. Ар гэр болон өөртөө хэрхэн зав гаргадаг вэ?
-Охин, хүү хоёроо их өрөвддөг юм. Гэр бүлдээ цаг гаргахыг боддог ч бас тэр бүр болдоггүй юм. Анх 2005 онд фитнессээр хичээллэдэг байсан. Тэгээд 2011 онд охиноо өлгийдөн аваад ажил амьдрал руугаа түлхүү орж эхэлсэн. Одоо ч гэсэн спортоор хичээллэдэг ч учиргүй таргалаад, суугаа ажилд ороогүй байгаа дээрээ бэлтгэлээ хойш нь тавиад, тэр гарч буй цагаа аль болох гэр бүлтэйгээ өнгөрөөхийг хичээдэг дээ.
-Таныг их шүтлэгтэй, охиндоо хамба Сангидоржоос нэр гуйж байсан гэж сонссон?
-Их шүтлэгтэй. Хүн яагаад шүтлэгтэй болдог гэхээр өвчин зовлон, хүнд хэцүү зүйл тохиолдоход аврал эрж эхэлдэг юм байна. Үүнд итгэлээ алдахгүйн тулд нэг юм хайж эхэлдэг байна. Тэр нь шүтлэг болж таарч байгаа юм. Миний хувьд аливаа шашны урсгалуудын цаад философыг ойлгохыг хичээдэг. Одоогоор ээж аав, байгаль хангай дэлхийгээ шүтэж явна даа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ