Төрийн эргэлтийг исламын номлогч удирдсан гэв
Турк улсын эрх баригчид долдугаар сарын 16-ны өдөр төрийн эргэлт хийх оролдлогод оролцсон цэргийн дээд албан тушаалтнуудыг баривчилж, шүүх байгууллагын 2750 шахам ажилтанг ажлаас нь чөлөөлжээ. Гэсэн хэдий ч төрийн эргэлт хийхийг оролдож бослого гаргасан ахлагч офицерууд болох найман этгээд Грек руу нисдэг тэргээр зугтжээ. Улмаар гэмт этгээдүүд тус улсаас улс төрийн орогнол хүссэн байна. Харин Грекийн удирдлагуудын зүгээс дээрх орогнол хүссэн этгээдүүдийг буцааж Туркт тушаана гэдгээ мэдэгдсэн тухай Монгол дахь Бүгд Найрамдах Турк улсынЭлчин сайд Мурат Карагөз өнөөдөр /2016.07.17/ сэтгүүлчдэд мэдээллээ.
Мөн халдлагад нийт 1600 орчим хүн өртсөнөөс, бослого гаргасан 100 орчим цэрэг, хамгаалалтад гарч байсан цагдаагийн байгууллагын 42, энгийн 118 хүн амиа алдаж, 1400 орчим иргэн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Шархдаж, нас барсан иргэд дунд гадны улсын иргэд байсан эсэх мэдээлэл одоогоор Элчин сайд Мурат Карагөзд ирээгүй аж. Гэхдээ Монгол иргэд дээрх халдлагад өртөөгүй гэж Монгол Улсад суугаа Турк улсын Элчин сайд мэдэгдлээ. Туркт Монгол Улсаас 3000 орчим иргэн амьдардаг. Ихэнх нь Анкара, Стамбулд төвлөрсөн гэв.
Турк улсад цэргийнхэн бослого гаргаж эхлэх тэр үед тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан Станбулаас зайтай амралтын газар байжээ.Төрийн эргэлтийн талаарх цэргийнхний халдлагыг тагнуулын байгууллагаасаа сонсонгуутааСтанбул хотод нисдэг тэргээр ирсэн байна. Энэ үед нь бусад эх баригчид нь Анкара дахь агаарын цэргийн баазад барьцаалагдсан байсан гэж Монгол Улсад суугаа Турк улсын Элчин сайд ярилаа.
Мөн Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан энэхүү гэнэтийн халдлага буюу төрийн эргэлтийг АНУ-д байрлах Исламын номлогч Фетхуллах Гюленыг удирдсан гэж үзжээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад нэр бүхий этгээдүүд төрийн эргэлт хийхийг санаархаж эхэлсэн тухай өмнө нь хэлж байсан. Хэдий тийм боловч бидний үгэнд АНУ-ын эрх баригчид итгээгүй. Харин өнөөдөр, төрийн эргэлт хийх оролдлогын дараа Пеннсилванид буй этгээдийг Турк улсын хууль хэрэгжүүлэгчдэд шилжүүлэхийг шаардаж байна. Бид АНУ-ын хүсэлтийн дагуу террорист этгээдийг шилжүүлж байсан. Тиймээс Турк улсын нэн аюултай этгээдүүдийн жагсаалтад бүртгэлтэй этгээдийг шилжүүлэхийг хүсч байна гэж мэдэгджээ.Харин АНУ-ын тал Фетхуллах Гюленыг Туркт шилжүүлэхийн өмнө баталгаатай баримтаар нотлох ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ