Египетийн онгоцонд гал гарсныг нотолжээ

Газар дундын тэнгист өнгөрсөн тавдугаар сард сүйрсэн Египетийн “EgyptAir” компанийн онгоцонд гал гарсныг хар хайрцгийн бичлэгээр нотолжээ. Нислэгийн бүхээгийн дуу хураагч хар хайрцгийн бичлэгт онгоцны кабинд гал гарсан тухай хүмүүсийн яриа бичигдсэн байна. Түүнчлэн газар дундын тэнгисээс олдсон нисэх онгоцны сэгэнд өндөр температурын улмаас гэмтсэн ул мөр үлджээ. Гэхдээ мөрдөн шалгах комисс галын шалтгааныг хараахан тодруулаагүй байгааг мэдээлжээ.

Нисэх онгоц радарын дэлгэцнээс алга болохын өмнө утаа гарсан гэх автомат дохиог илгээсэн байснаас гал гарсан гэх таамгийг урьдчилан дэвшүүлсэн байсан юм.

Францын Парис хотоос Каир руу буцаж явсан “Airbus A320” онгоц өнгөрсөн тавдугаар сарын 19-нд Газар дундын тэнгист сүйрснээс 66 хүн амь үрэгдсэн билээ. Нисэх онгоцны сэг болон зорчигчын цогцос, эд зүйлс Египетийн Александриа боомт хотоос 290 км орчим зайтай тэнгисээс олджээ. Түүнчлэн онгоцны их бие тэнгисийн 3000 орчим метрийн гүнд байгааг олж илрүүлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ