Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжиж эхэлжээ
2015 оны тавдугаар сард баталсан Оюу Толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын нэр хүнд бүхий 20 банк санхүүгийн байгууллагуудтай 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтын гэрээг тус оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулсан. Оюу Толгой төслөөр дамжуулж монголын компани санхүүгийн зах зээлээс их хэмжээний санхүүжилтийг авахаар тохирсон нь эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой бөгөөд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бусад олон төсөл хөтөлбөрүүдэд олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө оруулалт, санхүүжилт авах боломжийг нээж буй давуу талтай ажээ.
Оюу Толгойн гүний уурхайн талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Оюу Толгой бол дэлхийд өрсөлдөх монголын компани. Оюу Толгой бол олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг bankable буюу хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчдийн шаардлагыг хангасан төсөл. Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой төслийг улс төрийн нөлөөллөөс ангид бизнесийн зарчмаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх чиглэлд хүлээсэн үүргээ биелүүлснээр өнөөдөр гүний уурхайн үйл ажиллагаа улам бүр эрчээ авлаа. Гүний уурхай бүтээн байгуулалт нь олон мянган ажлын байрыг бий болгохоос гадна монголын компаниудыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, монголын талын хүртэх өгөөжийг улам бүр өсгөх зэргээр эерэг нөлөөллийг бий болгоно.” гэдгийг онцоллоо. Өнөөдөр “Оюу Толгой” ХХК-тай 989 ханган нийлүүлэгч компани хамтран ажиллаж байгаа юм байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд энэ тоо 2 дахин өсч, гурван мянга гаруй ажлын байр шинээр нэмэгдэх тооцоог гаргажээ. Түүнчлэн гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд жил бүр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх гэнэ. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд “Манай Оюу Толгой компани бол монголын шилдэг татвар төлөгч, сүүлийн таван жилийн хугацаанд Монголд нийтдээ 5.5 тэрбум ам.долларыг зарцуулсан. Өнөөдөр Оюу Толгойн нийт ажиллагсдын 96 хувийг бүрдүүлж байгаа монголчуудын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр хоёр гаруй жилийн хугацаанд 2 сая тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж чадлаа. ОюуТолгой бол дэлхийн хэмжээний том уурхай, энэ компани өөрийн үйл ажиллагаагаа тэлэх нь Монголчуудын хувьд маш чухал” гэж хэлэв. Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэмжээг хувь нийлүүлэгч талууд 5.3 тэрбум ам.доллараар баталсан бөгөөд өргөжин томорч буй бүтээн байгуулалтын үр дүнд 2.2 тэрбум ам.долларыг ойрын жилүүдэд улсын төсөвт татвар, хураамж, төлбөр хэлбэрээр төвлөрүүлэх юм байна.Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ