МАН-д тагнуул байдаг гэв үү?
“МN-25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл...” ярилцлагын цагаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр орж, амаа ч, уушигаа ч нээн, нэлээд илэн далангүй ярилцсаныг үзэгчид юу эс андах вэ?. Хамгийн сонирхолтой нь эрхэм УИХ-ын гишүүн маань яриаг нь сонссон хүний чихийг сортойлгохгүй байхын аргагүй нэгэн мэдээллийг цацсан билээ. Тэр нь юу вэ гэхээр эрхэм гишүүн Тагнуулын байгууллагад ажиллаж асан үеийнхээ тухай болоод тагнуулын тухай ярихдаа УИХ, тэр дундаа МАН-ын бүлэгт гадаадын тагнуулууд байгаа гэдгийг тун итгэлтэйгээр ил тод хэлсэн явдал гэх байна. Сурвалжагч бүсгүй хүртэл энэ үгэнд нэлээд цочирдсон шинжтэй харагдаж байсан гээд бод доо.
“Тэгэхээр танай намын бүлэгт гадаадын тагнуул байдаг гэсэн үг үү” гэж сэтгүүлч бүсгүйг асуухад огтхон ч түгдрэлгүйгээр, “Тийм” хэмээн ёстой л товч бөгөөд тодорхой хариулж байна билээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “УИХ дахь манай намын бүлэг нэгэн асуудлыг хаалттайгаар хэлэлцэж, тэр үед нь миний бие үндэсний аюулгүй байдалд харшлах юм байна гэж нэлээд эсэргүүцсэн. Гэтэл уг хуралдаан дууссанаас хойш ердөө 1 цаг 40 минутын дараа над руу гадаадын нэгэн консул утасдаад, маргааш өглөө хамт хоол идье гэсэн санал тавьж байгаа юм” хэмээн эрхэм Н.Номтойбаяр гишүүн тун ноцтой мэдээллийг үгийнхээ завсар чулуудлаа. “Тэгэхээр танай намын бүлэгт гадаадын тагнуул байдаг гэсэн үг үү” гэж сэтгүүлч бүсгүйг асуухад огтхон ч түгдрэлгүйгээр, “Тийм” хэмээн ёстой л товч бөгөөд тодорхой хариулж байна билээ.
Монголд гадаадын тагнуулууд зөндөө байгаа биз, юун сүртэй юм хэмээн хэн нэгэн бодож байж магадгүй. Манайхаас ер нь юуг нь тагнадаг юм гэх нэгэн гарахыг ч үгүйсгэхгүй байна. Гэхдээ л туурга тусгаар улс л юм бол уг нь сайн ч, муу ч нуух юмтай байх ёстой. Улаан цагаандаа гарсан биеэ үнэлэгч ч гудамжаар хамаг юмаа ил задгай гаргаад шалдан нүцгэн явдаггүй шүү дээ. Тийм ч учраас Тагнуулын төв газар гэж байгаа гэж боддог. Мөн манай улс нууцтай учраасч өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн хүнийг эх орноосоо уравсан, төрийн нууц алдсан хэргээр шоронд суулгах шиг болно билээ. Одоо ч ийм хэрэгт орооцолдсон хүмүүсийн нэр мэр сэр дуулдаад л байдаг юм.
Туурга тусгаар улс л юм бол уг нь сайн ч, муу ч нуух юмтай байх ёстой. Улаан цагаандаа гарсан биеэ үнэлэгч ч гудамжаар хамаг юмаа ил задгай гаргаад шалдан нүцгэн явдаггүй шүү дээ.
Бидэнд нууцлах юм бий. Харин түүнийгээ нууцалж чадаж байна уу, үгүй юу гэдэг өөр хэрэг. Бас юуг нууцлах вэ гэдгээ ч эргэж хармаар санагддаг. Хамгийн наад зах нь гэхэд л бензиний нөөц байна. Уг нь үүний араас гадаадынхан хөөцөлдөж, манайхан иймэрхүү юмаа асар их чандлан нууцалж байх ёстой зах зээлийн нийгэм гэж ойлгодог. Гэтэл манайхан өөрсдөө, “Одоо төд хоногийн л нөөц үлдлээ” гээд баруун солгойгүй зарлаж байгаа харагддаг юм.Уг нь иймэрхүү зүйлээ нууцлахгүйбол гадна, дотны эдийн засгийн луйварчид чухамхүү үүн дээр нь дөрөөлөн үнэ ханшаар боохоос өгсүүлээд улстөрийн шийдвэр гаргуулах тохиолдол хүртэл гардаг хэмээн нэгэн учир мэдэх нөхөр ярьсан шүү.
Ингэхэд төр, улсынхаа нууцыг хадгалах асуудал зөвхөн Тагнуулын төв газрын нуруун дээр байх ёстой асуудал биш. Харин иргэн бидний хэр эх оронч вэ гэдгээс л ихээхэн хамаарах зүйл чухамхүү энэ.Бидний тархи, зүрх хоёроор л хамгаалагдах эд мөнөөсөө мөн. Гэтэл УИХ-д, тэр дундаа өөрсдийгөө хамгийн эх орончид гэгддэг Монгол ардын намын гишүүдийн дунд гадаадын тагнуул байна гэхээр одоо ер нь юу ярих вэ дээ.
2000-аад оны эхээр Ц.Нямдорж Хятадын тагнуул байсан гэсэн шуугиан нэг хэсэг л монголчуудыг гайхшруулж, Л.Гүндалай жинхэнэ од болж байв даа. Үүний үр дүнд Тагнуулын дарга асан генерал Ж.Баатар гуай долоон жилийн ял авснаар энэ дуулиан олон сар үргэлжилсэний эцэст намжсан шиг санагдаж байна. Гэхдээ Ц.Нямдоржийг ор үндэсгүй гүтгэсэн гэдгээр бус улсын нууц задруулсан гэх хэргээр шийтгэсэн шиг санагдаж байна шүү.
Тэгвэл одоо УИХ-д суугаа МАН-ын гишүүдийн дунд гадаадын тагнуул ямартай ч байгаа гэдгийг эрхэм гишүүн Н.Номтойбаяр илчиллээ. Харин одоо хэн бэ гэдгийг нь хошууч генерал Хурц гуай хурц хараандаа аван тогтоохгүй болМонгол Улсын нууцыг жирийн иргэд чинь биш харин эрхэм түшээдээс маань ийш, тийш нь тарааж байдаг юм байна шүү дээ гэсэн харамсал, гутрал хоёр зэрэг төрж байна билээ. Даанч энэ тагнуулаа Н.Номтойбаяр өөрөө олоод барьчихна гэж байхгүй байх л даа.
Энэ бүгдэд итгэхгүй байхын аргагүй нэг ньюанс байгаа юм. Хэрвээ эрхэм гишүүн Н.Номтойбаяр эсрэг талынхаа буюу АН-ын хэн нэгнийг гадаадын тагнуул гэсэн бол хэн ч тоохгүй. Гэтэл өөрийн нь “сүрэг” дотор ийм юм байна гэдгийг улаан цайм дэлгэлээ шүү дээ. Тэгээд бас болоогүй ээлжит сонгууль дөхөж байхад шүү. Мөн энэ үеэс эхлээд УИХ-д байгаа МАН-ын гишүүд бүгдээрээ тагнуул юм шиг харагдаад, өчигдөр л гэхэд чуулганы хуралдааныг телевизээр харж суухдаа, “За байз энэ нөхөр аль улсад төгссөн гэдэг илээ, тэр нөхөр хаашаа их явдаг билээ” гэх зэргийн юмыг бодож байгаад УИХ чухам ямар асуудал хэлэлцсэнийг огт анзаараагүй байна билээ, золиг гэж.
Д.Гал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ