"Си-Уорлд" усан парк алуурчин халим үржүүлэхээ зогсооно
АНУ-ын далайн хөхтөн амьтны хүрээлэн, усан паркийн "Си-Уорлд" сүлжээг эзэмшигч "Си-Уорлд" Энтертайнмент компани алуурчин халим үржүүлэхээ зогсоох шийдвэр гаргажээ. Үүнээс гадна алуурчин халимыг усан паркийн үзүүлбэрт оролцуулахаа болихоор төлөвлөж байна. 2010 онд Орландо хотын "Си-Уорлд" усан паркад Тиликум нэрт алуурчин халим өөрийн сургагч Дон Браншо руу үзүүлбэрийн үеэр дайрч, аминд нь хүрсэн золгүй явдал тохиолдсон юм.
Улмаар энэ явдлаас 3 жилийн дараа буюу 2013 онд алуурчин халим гаршуулахын сөрөг үр дагаврыг Дон Браншогийн үхлээр жишээлэн хөндсөн “Хар загас” нэртэй баримтат кино үзэгчдийн хүртээл болсон байна. Энэ баримтат кино дэлгэцэнд гарсны дараа "Си-Уорлд"ын усан паркуудыг зорьж очдог хүмүүсийн тоо мэдэгдэхүйц цөөрч байгаа юм. Үүнээс үүдэлтэйгээр 2015 оны 4 дүгээр улиралд л гэхэд "Си-Уорлд" сүлжээ 11 сая долларын алдагдал амссан гэдгээ өнгөрсөн сард зарласан байна.
Цаашид "Си-Уорлд" өөрсдийн усан паркууд дахь 29 алуурчин халимыг олон нийтэд үзүүлэх ч, үзүүлбэрт оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа. Үүнээс гадна алуурчин халим үржүүлэх хөтөлбөрөө зогсоож байгаа учраас эдгээр 29 халим "Си-Уорлд"ын эзэмшил дэх сүүлчийн алуурчин халимнууд болон түүхэнд үлдэж байна. Эдгээр халимыг мөн зэрлэг байгальд нь буцаан тавих хэрэгтэй гэж үзэх шүүмжлэгчид байгаа.
Гэхдээ "Си-Уорлд"-ийн усан паркад төрж өссөн эдгээр алуурчин халим далайд амьд үлдэх боломж муутай учраас тус паркийнхан халимнуудыг өөрсдийн асрамжид үлдээнэ гэдгээ мэдэгдсэн байна. "Си-Уорлд"-ын өгсөн мэдээллээс үзэхэд тус компанийн усан паркууд өнөөг хүртэл 400 сая гаруй зочдод алуурчин халимыг танилцуулж, энэ амьтны талаар зөв мэдлэг ойлголт авахад хувь нэмэр оруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ