Дэлхийн ямар орнууд Хятадад дургүй вэ?

АНУ-ын ард түмний 28 хувь нь Хятад улсад тааламжгүй ханддаг гэсэн судалгааг “Foreign Policy” агентлаг дөрвөн жилийн өмнө гаргаж байжээ. Өдгөө энэ үнэлгээ 38 хувь хүртэл өссөн гэж тус агентлагийн шинжээчид үзэв. Гэхдээ америкчууд Хятадыг “үзэн ядаж” байх зуур дэлхийн бусад орнууд БНХАУ-д хандах хандлага 2015 оны байдлаар ерөнхийдөө эерэг тал руугаа явж байгааг Pew Research Center-ийн цуглуулсан судалгааны мэдээллүүдэд өгүүлжээ.

Си Зиньпин Хятадын тэргүүн болсноор дэлхий даяар өөрийнхөө үнэлэмжийг “толилуулах” айлчлалуудад бэлтгэж эхэлсэн юм. Түүний хувьд АНУ-д очиж улстай нь эн зэрэгцэхүйц эдийн засаг, нийгмийн хөгжил ямар байгааг харж, цаашид хоёр улс аль аль асуудлуудад “хөтлөлцөн” алхахыг зөвлөлдөх болно.

Судалгаанд өгүүлснээр дэлхийн ихэнх орнууд Хятадтай худалдаа хийх нь дотоодын эдийн засагт нь нэмэртэй гэж үзсэн төдийгүй БНХАУ-ыг сүүлийн жилүүдэд тогтмол хөгжиж байгаа, хятад хүнд хандах хандлага сөргөөс эерэг рүү чиглэж байна. Харин Си Зиньпинийг “Дэлхийн томоохон асуудлуудад зөв гарц олох чадвар сул гэж үзэгсэд дийлэнх нь байгаа аж.

Дэлхийн маш олон орон оролцсон уг судалгаанд өгүүлснээр дээрх газрын зураг үндсэндээ хоёр өгөгдлийг харуулж байна. Эхний өгөгдөлд хүмүүс Хятад улсын тухай ямар бодолтой байгаа тухай бол нөгөөх нь Си Зиньпинийг юу гэж боддог вэ гэсэн хоёр багц юм. Газрын зурагт ногоон өнгөөр тэмдэглэгдсэн хэсэг бол Хятад улсыг хүлээн зөвшөөрсөн, эерэг хандлагыг илэрхийлэх бол улаан нь сайшаахгүй байгаагийн илрэл. Харин саарал, цагаанаар тэмдэглэгдсэн орнууд энэхүү судалгаанд хамрагдаагүй гэсэн үг юм байна.

Хятад таалагдаж эхэлсэн үү?

Газрын зураг Хятадын талд “ногоон” гэрэл асаав. Ихэнх орнууд БНХАУ-ыг олон жилийн өмнөхөөс илүүтэй сайшаадаг болохыг судалгаа харуулж байна. Харин Японы ард түмний 89 хувь нь Хятад, Си Зиньпин гэсэн хоёр өгөгдлийн эсрэг сөрөг үнэлгээ дарсан бол ердөө 9 хувь нь л эх газрын улсыг сайшаажээ.

Мөн туркчуудын 59 хувь нь Хятадын тухай сөрөг бодлоо өөрчлөөгүй бол Испани улсын иргэд 50 хувь, италичуудын 57 хувь нь Бээжингийн эсрэг “улаан” санал өглөө. Гэхдээ Европ бүхэлдээ “улайсангүй”. Францын ард түмний 50 хувь нь Хятадыг магтсан. Бас украинчуудын 58 хувийн саналаар Хятад улс Киевт “ялалт” байгуулав.

Энэхүү судалгааны хамгийн том хүчин зүйл бол яах аргагүй ОХУ байлаа. Манай хойд хөршийн ард түмний 79 хувь нь Хятад улсад дуртай болсноо зарласан нь урьд нь хэзээ ч байгаагүй өндөр амжилт. Хоёр хөршийн ийм зузаан бат найрамдалтай харилцаа геополитикийн түүхэнд анх удаа тохиож байгааг шинжээчид ам уралдан ярьдагийн жинхэнэ жишээ энд биеллээ олжээ.

Хятад улс хэрхэн “хайр” татав?

Хятад үндэстний тухай дэлхийн улс орнуудын дунд байсан түгээмэл ойлголтыг Бээжин зөвхөн эдийн засаг, худалдаа, санхүүгийн зах зээлийн нөр их хөдөлмөрөөр өөрчилж байна. Тус улс Африк, Өмнөд Америкийн орнуудад асар их хөрөнгө оруулалт хийж, ашигт малтмалын үр ашигтай зарцуулалтын бодит үлгэр жишээ болов. Нэг жишээ хэлэхэд Өмнөд Америк дахь Хятадын хөрөнгө оруулалт 10 тэрбум ам.доллар давж, төмөр замын сүлжээг Бразил, Перугийн портуудаар татан үүнийг дагаад дэд бүтцийн хэзээ ч төлөвлөөгүй хөгжил бүс нутгийг хэрж байна. Бас Хятадын Төв банк эдгээр улсуудад нийт 50 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл олгосон нь зөв стратеги л хэрэгжүүлж чадвал аль аль түншийн хувьд маш хурдтай хөгжих томоохон боломж ажээ.

Одоо Хятад улс хар тивд хэрхэн хөрөнгөжиж буй цөөхөн жишээг дурьдъя. БНХАУ ирэх 2020 он хүртэл Африк тивийн орнуудад нийтдээ 100 тэрбум ам.долларын шаталсан хөрөнгө оруулалт хийнэ. Ингэснээр Африк тив урьд нь хэнээс ч хүртэж байгаагүй том боломжийг өөрийн гараар эдлэх болсон юм. Хятад улс Африк, Өмнөд Америк, Дундад Азийн хэд хэдэн оронтой эдийн засаг, худалдааны цөм харилцаа хамааралтай болж эхэлснээр энэхүү гүрнийг аль хэдийн дэлхийн мөнгөн урсгалын зах зээлд хүчтэй нөлөөтэй болж эхэлснийг харуулах биз ээ.

Дээрх судалгаанд Монгол Улс хараахан багтаж чадсангүй. Уншигч таны бодлоор монголчуудаас “Хятадад дуртай юу?” гэж асуувал бид хэрхэн хариулах вэ?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ