Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
“Монгол цэргийн өдөр”-ийг угтсан гол арга хэмжээ өнөөдөр болж байна. Үүний эхлэл нь өнөөдөр Чингисийн талбайд боллоо. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй зэвсэгт хүчнийхэн өнөөдөр 12.30 цагт Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ жилийн хувьд “Монгол цэргийн өдөр” Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 95 жилийн ойтойдавхцаж буйгаараа онцлог гэдгийг энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон онцолж байлаа. Мөн зэвсэгт хүчний зарим ангийн түүхт тэгш ой давхар тохиож байгаа юм.
Тухайлбал:
Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 80 жил
Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 80 жил
Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн 80 жил
Монгол цэргийн музейн 50 жил
”Алдар” спорт хорооны 70 жил
Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн 95 жилийн ой тус тус тохиож байна.
Өнөөдрийн байдлаар 1939-1945 оны хоёр дайнд оролцсон 300 гаруй ахмад дайчид амьд сэрүүн байгаа аж. Тэдний хамгийн залуу нь 90 гаруй настай, харин хамгийн буурай нь 103 насыг зооглож байна.
Мөн Монгол Улсын 1000 гаруй алба хаагч хилийн чанадад энхийг сахиулах үйлсэд оролцож байгаа юм. Дэлхийн энхийг сахиулах үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцдог 20 улсын нэгд Монгол Улс зүй ёсоор тооцогдох болсон амжилтаар зэвсэгт хүчний баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. Тухайлбал, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсаас 2002 оноос хойш давхардсан тоогоор 12 мянга гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Эдгээрийн 1185 цэргийн алба хаагч нь одоо ч үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Өнөөдөр “Монгол цэргийн өдөр”-ийн гол арга хэмжээ болж байгаа юм. Соёлын төв өргөөнд 14.00 цагт баярын хурал, хүндэтгэлийн тоглолт эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ