Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох боломж бүрджээ
ҮХЦ-ийн өнгөрсөн оны 12 дугаар сарын 9-ний дүгнэлтээс шалтгаалан банкууд ипотекийн зээлийгцааш нь үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тиймээс Монголын банкны холбооноос арилжааны банкуудын олгож байсан орон сууцны ипотекийн зээлийг түр зогсоох шийдвэрийг гаргасан юм. Энэ төрлийн зээлийг буцаан олгох нөхцлийг бүрдүүлэх, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх Үл хөдлөх хөрөнгийн болон иргэний хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн явц болоод зээлийн хүү, урьдчилгааг бууруулах гарцуудын талаар УИХ-ын дарга З.Энхболд, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал,МБХ-ны Ерөнхийлөгч Ж.Үнэнбат, МИК-ийн захирал н.Гантөгс нар мэдээлэл өглөө.
Ипотекийн зээлийнурьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохоор яригдаж байсан билээ. Тэгвэл энэ нь судалгаагаар боломжгүй бөгөөд урьдчилгааг 20 хувь болгож, жилийн 8 хувийн хүүг тав хүртэлх хувиар бууруулах боломжтой гэдгийг УИХ-ын дарга онцлов.
Инфляци 14 хувь байхад ипотекийн зээлийн хүү нэг жилийн8 хувь байсан бол өнөөдөр инфляци хангалттай буурсан учраас зээлийн хүүг 5 хувиар тогтоох боломж бүрдсэн гэх таатай мэдээг албаныхан дуулгалаа. Урьдчилгаа төлбөрийг бууруулах нь төдийлөн зөв сонголт биш, харин зээлийн хүүг бууруулах нь иргэдэд үзүүлж буй бодит дэмжлэг гэж үзэж байгаагаа тэд илэрхийлж байсан юм.
Ипотекийн зээлийн асуудлыг шийдэх гарцыг олохоор УИХ-ын дарга З.Энхболд банкуудын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Банк гэдэг нь хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хуримтлалаас бүрддэг тул эрсдэлтэй зээлийг олгож болохгүй юм. Тиймээс ипотекийн зээлийг үргэлжлүүлэх гарцыг Иргэний хуульд өөрчлөлт оруулах асуудал хэмээн харж, Иргэний хуульд “Барьцааны хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлдэг зохицуулалтыг байхгүй болгох” өөрчлөлтийг оруулахаар талууд санал нэгджээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ