Толгой нь хамуурсан сайд

Монголчууд буруу үзүүртэй нэгнийг “Толгой нь хамуурсан амьтан” гэдэг. Ингэж хэлүүлэхүйц нэгэн үйл явдал Зам тээврийн сайд М.Зоригтыг тойрон өнөөдөр өрнөсөн юм.

Учир нь “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу МИАТ-ийн их хэмжээний мөнгийг гуйвуулж, мөнгө завшиж, угаасан хэргээр, Анхан болон давж заалдах шатны шүүхээс “МИАТ” компанийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, дэд захирал асан Ч.Хоролсүрэн, “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарт тус бүр 11-14 жилийн ял оноосон ч Улсын дээд шүүхээс тэдний ялыг 7-8 жил болгон бууруулсан байдаг.

Эдгээр хүмүүс 2007-2009 оны хугацаанд 9.1 тэрбум төгрөгийг "Дайны эрсдэлийн сан" нэрээр идсэн нь Шүүхээр тогтоогдсон юм. Харин Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нар хоёр жил ял эдлээд, эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан. Тэд биеийн байдал муу хэмээн шүүхэд хүсэлт гаргаснаар шүүгчийн захирамжаар ялаас бүрэн чөлөөлөгдсөн байдаг.

Гэтэл өнөөдөр Голомт банкаар овоглогдон УИХ-д сонгогдсон, саяхнаас Зам тээврийн сайдын алба хаших болсон М.Зоригт МИАТ-аас их хэмжээний мөнгө идсэн “Ч.Хоролсүрэн, Ц.Орхон нарыг дахин Нисэхийн салбарт томилох гэж байна” гэсэн мэдээллийг иргэн С.Цогтгэрэл гаргасан юм. Түүний энэхүү мэдээллийг М.Зоригт үгүйсгэсэнгүй. Тэрээр “Ц.Орхон салбартаа сайн мэргэшсэн залуу. Би түүнд итгэж байгаа” гэж хариулжээ. Нөгөө авлига, хээл хахуулийг зогсоож, шударга нийгмийг цогцлооно гэдэг АН-ын байр суурь нэг сайдын хувийн ашиг сонирхолоор үгүйсгэгдэж байна гэж үзэж болохоор байна.

УИХ-ын дарга З.Энхболд М.Зоригтод “Зоригт сайд аа, Орхон болон бусад шийтгүүлсэн нөхдөд нисэхийн салбарын хаалга хаагдсан” гэж анхааруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ