Д.Нармандах үндэсний шилдгээр тодорлоо

Монгол Улс мэргэжилтэй чадварлаг залуустай гэдгээ харуулж, Д.Нармандах үндэсний шилдгээр тодорлоо

Мэргэжилтэй ажилчдын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээн энэ сарын 11-16-нд болж өндөрлөв. Дэлхийн 59 улсаас мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад сурч мэргэжил эзэмшиж буй 1190 залуу Бразилийн эдийн засгийн гол цэг болсон Сан Пауло хотноо цуглан 50 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдсөн. Дэлхийн ур чадварын байгууллагаас гишүүн улс оргнуудынхаа дунд хоёр жил тутам зохион байгуулдаг энэхүү тэмцээний гол уриа “Ур чадварыхаа хүчээр эх дэлхийгээ хөгжүүлэх”. Тиймээс Ур чадварын олимпод хүч сорьсон хүн бүр ялагч. Энд хэн нэгдүгээр байр эзэлж медалийн тавцанд гишгэв гэдэг чухал биш. Харин хийсэн ажлынх нь гүйцэтгэл олон улсын стандартад хэрхэн нийцэж байгааг харах нь тэмцээний үр дүнгийн гол хэмжүүр болдог.

Дэлхийд олимп хэмээн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү тэмцээнд Монгол Улс анх удаа оролцлоо. Гагнуур, мужаан, токарь, өрөг угсралт, хавтанцар наах, цахилгаан гэсэн техникийн зургаа, үсчин, гоо засал, тогооч гэсэн үйлчилгээний гурав нийт есөн мэргэжлээр 17-23 насны есөн залуу Бразилийн дэвжээнд эх орноо төлөөлөн оролцлоо. Анхны тэмцээндээ монгол залуус муугүй оролцсон. Тэд бүгд тэмцээний өгөгдсөн даалгавруудыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд үүгээрээ Монголын мэргэжлийн боловсролын сургалтын чанар чансаа, бэлдтгэж буй боловсон хүчний чадвар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх анхны шанг амжилттай татлаа.

Т.Эрдэнэчимэг: Шагналт байр эзлэхэд мужаан, токарь, тогоочийн оролцогчдод 20-хон оноо дутлаа

Тэмцээний дүнгийн талаар тодруулахаар Бразилийн Сан Паулод ажиллаж буй МҮОНТ-ийн ММ агентлагийн сурвалжлагч Т.Эрдэнэчимэгтэй холбогдоход “Дэлхийн ур чадварын тэмцээний дүн дөнгөж сая гарлаа. Хэдийгээр Монголын залуус дэлхийн аваргаас медаль хүртэж чадаагүй ч, хүүхдүүд маш өндөр оноо авлаа. Шагналт байр эзлэхэд мужааны Нармандах, токарийн Лхагва, тогоочийн Мөнх-Эрдэнэ нарт маань ердөө 20-хон оноо дутлаа. Гэхдээ залуус маань эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө. Тэдний амжилтаар бахархахгүй байх аргагүй. Шагнал авах нь энэ тэмцээний зорилго биш. Дэлхийн залуус мэргэжлээрээ өрсөлдөж, бас бие биенээсээ суралцан олон улсад мэргэжилтэй ажилчид ийм ихийг бүтээж чадна шүү гэдгийг харуулахад тэмцээний гол зорилго агуулагдаж байна. Монгол Улсад мэргэжлийн боловсролын салбар хөгжиж байгаа, мэргэжилтэй чадварлаг залуустай гэдгээ дэлхийд харуулж чадлаа. Монголчуудыг анх удаа оролцож байгаа болохоор хэн ч мэдэхгүй байв. Харин дөрөв хоногийн тэмцээний дараа олон орон мэддэг боллоо. Бас Монголын залуусаар тэд бахархсанаа хэлж байлаа” хэмээсэн юм.

Тэмцээний дүнг албан ёсоор танилцуулсны дараа улс бүрээс нэг оролцогчийг шилдгээр тодруулдаг бөгөөд энэ шалгаруулалтад Монголын багаас мужааны мэргэжлээр оролцсон Дашзэгвийн Нармандах даалгавар гүйцэтгэсэн байдал, ажлын чанар зэргээр бусдыгаа манлайлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ